Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
-Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх үүрэгтэй ажлын хэсэг байгууллаа. Өмнөх Засгийн газрын үед мөн ийм ажлын хэсэг байгуулсан түүхтэй.
Шинэ ажлын хэсэг анхны тайлангаа өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулав. Гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар байна. Үүнийг богино хугацаанд нэмэгдүүлнэ. Тухайлбал хоёр сарын дараа энэ нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэнэ. Манай улсын гадаад валютын нөөц хамгийн ихдээ 5.4 тэрбум ам.долларт хүрч байв. Үүнийг давуулна.
Одоогийн нөөцөөр бид импортын 4-5 сарын хэрэглээг хангана.
Манай дөрвөн урд хилийн боомтод 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсжээ. Цар тахлын үеэр овоолго 20 сая тоннд хүрч байв. Энэ овоолгыг хөдөлгөхөөс нааш Уул уурхайн биржид нүүрсний арилжаа хийхээргүй байна.
Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд хийсэн гэрээ болон энэ онд хийсэн нийт 50 гэрээгээр бид нүүрсээ хил хүртэл хүргэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн намраас хойш нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан. Худалдан авагчид алдагдал хүлээсэн тул нүүрсээ татан авахгүй байна. Түүнээс Хятадад эрэлт буураагүй. БНХАУ жилд дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг.
Харин манай улс өнгөрсөн онд 83 сая тонн нүүрс худалдсан. Энэ онд 85 саяд хүргэхээр төлөвлөсөн. Хятадад эрэлт буурлаа буурлаа гэхэд 5 хувиар унасан, 30-40 хувиар буураагүй. Гэтэл манай биржийн арилжаа 5 дахин буурчээ.
Одоогийн хуулийн хүрээнд нүүрсний үнийн хэлбэлзлийг зохицуулах шинэ журмыг Хөрөнгийн бирж баталлаа. Биржийн арилжааг богино хугацаанд сэргээхээр зорьж байна. Ер нь Уул уурхайн биржийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэв.
URL: http://www.fact.mn/483003.html