О.Алтангэрэл: “Ноорог.mn”-тэй холбоотой иргэний дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн
Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна уу, ямар асуудал болсон эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулжээ. Тэрбээр энэ талаар мэдээлэл хийв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явцтай холбогдуулан хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотойгоор ямар нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээллийг танилцуулсан. ХЗДХ-ийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын талаар танилцуулга хийсэн. Шаардлагатай тохиолдолд байнгын хороо бүлгүүдэд мэдээлэл өг гэх шийдвэр гарсан.
Эдгээр шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ гэнэт бий болсон үйл ажиллагаа биш. Цагдаагийн байгууллагаас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэр дунд буруу ташаа мэдээлэл өгсөн бол энэ нь эрүүгийн хариуцлагад татагддаг зүйл заалттай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй. Харин техник хэрэгсэлд үзлэг хийсэн түүнийг баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. Прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан зүйл байхгүй. Ингэж баривчилсан тохиолдолд маш хүнд ялтай гэмт хэрэг.
Тал талын байр суурийг сонсоосой гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага өргөдөл гомдлыг шалгах үүрэгтэй. Хуульд заасан ажил үүргээ биелүүлснийх нь төлөө буруутгаж болохгүй. Буруутгал нь хэрвээ улс төрийн буруутгал байх ёстой бол ажлаа хийж байгаа албан хаагчид бус би тэр буруутан нь болох ёстой.
Бидний авсан мэдээллээр 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомны хэрэг байна. Нийтдээ зургаан дансаар гүйлгээ хийсэн гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл заалтаар шалгагдаж байгаа хүн эдгээр иргэдийн дунд байгаа юм билээ гэв.
URL: http://www.fact.mn/482996.html