АТГ-ын асуудалгүй гэх тодорхойлолтоор халхавч хийсэн С.Энхболд прокурорт шалгагдаж байгаа
Сайд асан С.Энхболд шалгагдаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Мөн хэрэг нь өдгөө прокурорт шалгагдаж байгаа.
Мөн уг томилгоог олон нийт хоёр шалтгаанаар эсэргүүцэж буй. Учир нь,
- Нэгдүгээрт, шинээр томилогдсон С.Энхболд нь Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа нэгэн.
- Хоёрдугаарт, ЭМДЕГ-ын өмнөх дарга нь авлигын хэрэгт нэр холбогдсоноор суудлаасаа буусан. Энэ хугацаанд байгууллагын үйл ажиллагаа тасалдаж иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлууд үүссэн. Гэтэл асуудал ихтэй байгаа тус газрын даргаар дахин хэрэгт шалгагдаж байгаа хүнийг томилсон нь иргэдийн дургүйцэх шалгаан болж буй.
Харин уг томилгоог салбарын сайд Т.Мөнхсайханаас нь тодруулахад “С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо шаардлагатай бичиг баримтыг нь нягталсан. Бид АТГ руу албан хүсэлт явуулж хариу бичиг аваад асуудалгүй гэж үзсэн учир түүнийг уг суудалд томилоод байгаа” гэж байв.
Гэтэл саяхан сайдын тодруулгыг бататгаж С.Энхболд өөрөө мэдээлэл өгчээ. Ингэхдээ тэрбээр “Засгийн газар ЭМДЕГ-ын даргыг тохилох эрхийг Эрүүл мэндийн сайдад өгсөн. Томилгоог хийхийн өмнө миний анкетыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгөхөд “ЭМДЕГ-ын даргаар томилоход ямар нэгэн асуудалгүй байна гэдэг шийдвэр ирсэн. Шүүхээс шийдвэр гараад гэм буруутай нь тогтоогдоогүй байхад жирийн иргэн шиг л байна” гэжээ.
Харин бид өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд С.Энхболдод холбогдох хэргийн явцын талаар НПГ-аас тодруулахад, ”Тухайн этгээдийг албан тушаалд томилох эсэх нь мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагад хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгэхээр хэргийнх нь талаар асуух бүрд С.Энхболдыг “АТГ асуудалгүй гэж үзсэн” гэдэг хариулт нь түүний хэрэгт огт хамаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгтэн ямар албан тушаалд томилогдох нь мөрдөх байгууллагад болон прокурорын байгууллагад хамаагүй байдаг аж.
Гэтэл С.Энхболд хэргийнхээ талаар ярихдаа АТГ намайг асуудалгүй гэж үзсэн хэмээн хэдийнээ хэргээс мултарчихсан юм шиг томорч, иргэдэд буруу ойлголт өгч явна.
https://eguur.mn/576747/
URL: http://www.fact.mn/482974.html