Монголыг Москвагаас удирдах уу?

MPA PHOTO 2016-0680Монгол Улс ОХУ-тай 1921 онд дипломат харилцаа тогтоож, 2009 онд стратегийн түншлэл, 2019 онд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж байв.

Иж бүрэн стратегийн түншлэл гэдэг хоёр улс бүх талаар харилцан ашигтай ажиллана гэсэн үг. Тодруулбал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлнэ.

Бүхнийг фронтод лоозонгоор түүхий эд, амьд мал, ашиг шимийг нь хойд хөрш рүүгээ илгээж байснаа энд азная… Социализмын 70 жил дэх ах дүүгийн найрсаг харилцааг  ч орхьё. Харин иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан цагаас хойшхи хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа чухамдаа өгөө, аваа тэнцвэргүй,  де-факто хоригтой явж иржээ.

Манай Улс Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхийг хаврын чуулганаар эцэслэнэ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд уг байгууллагын гишүүн бөгөөд одоо Монгол улс түр хэлэлцээр байгуулж, гишүүн болох эсэх нь УИХ-аас хамаарна.

Эдийн засгийн интеграциар дамжуулан гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, чөлөөт худалдааг хялбаршуулах, тарифгүй худалдааг өргөжүүлэх  зорилготой гэх.

Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос гэсэн таван гишүүнээс бүрдэх Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдаж байв.

Худалдааны түр хэлэлцээр хийх үү?

Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа бизнес эрхлэгчид чөлөөт худалдааны хэлэлцээрийг хойшлуулахыг шаардаж байв. Хэрвээ хэлэлцээр зурагдвал үндэсний үйлдвэрлэгчид тэр чигтээ нурах тухай ярьж байсан бизнес эрхлэгчид Засгийн газарт буулт хийсэн бололтой. Тэд дахин ам нээхээс цааргалж буйгаас Засгийн газрын шахаанд оржээ гэдэг нь илт уншигдаж буй. Үүгээр бол Монгол улс ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь нэгэнт тодорхой болжээ.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй манай хоёр орны худалдааны эргэлт 95/5 гэсэн харьцаатай. ОХУ-ын импорт 95 хувь, Монголын экспорт таван хувь. Үүнээс Монгол Улс бүх цаг үед  ОХУ-ын худалдааны хоригт байсан мэт. Иж бүрэн стратегийн түншлэлтэй гэхэд даанч чамлалттай үзүүлэлт. Дээрх харьцааг 90/10 хүргэхэд ЕАЭЗХ-д нэгд гэх Оросын шахалт. Хэрэв шахалтад орвол дараах эрсдэл Монголыг хүлээж байна.

Монгол улс ЕАЭЗХ-д элсвэл бүрэн эрхт байдлын асуудал хөндөгдөнө. Тодруулбал Монгол Улс гаалийн болон эдийн засгийн бодлогодоо бие даан шийдвэр гаргах боломж хумигдана.

ЕАЭЗХ-ны шийдвэрийг мөрдөх шаардлага тулгарна.  Гадаад худалдаа хязгаарлагдах эрсдэлтэй.  ЕАЭЗХ-д нэгдсэнээр гуравдагч орнуудтай хийх гадаад худалдааны эргэлт хумигдана. Европ, Хятадтай худалдаа хийхдээ ЕАЭЗХ-ны дүрмийг баримтлах шахалтад орох магадлалтай. Стратегийн бодлого ОХУ-аас хараат байдал нэмэгдэх  буюу эрчим хүч, зам тээвэр, шатахууны салбарт хараат байдал улам нэмэгдэнэ. Гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүн импорт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчид үүдээ барина. Товчхондоо бол Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-д элсэх нь эдийн засгийн “бяцхан үр өгөөжтэй, аюулгүй байдлын” хувьд асар том хохиролтой.

Орос, Монголын худалдааны эргэлт өнгөрсөн оны эцэст гурван тэрбум ам.долларт хүрчээ.

Монгол Улс мал аж ахуйн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, түүхий эд, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнээ татваргүй гаргана. Одоогийн байдлаар манай экспорт 90 сая ам доллар. Хоёр жилийн хугацаанд Монголын экспорт 150-200 сая ам.доллараар өснө гэж төсөөлж буй. Ингэлээ ч талуудын тэнцэл хангагдах ямар ч боломжгүй.

Их Британи Европын холбооноос гарч, АНУ тарифын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж байхад Монгол эдийн засгийн “хавхандаа” өөрөө гүйж орвол Москвагийн хүсэл гүйцэлдэж буй нь тэр биз ээ…

https://www.shuud.mn/a/558993


URL: http://www.fact.mn/482960.html