АНУ тусламжуудаа хумьсан нь Монголын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ
Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг АНУ-ын гадаад бодлогод огцом өөрчлөлт хийж, гадаад тусламжийг 90 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаар эхлүүлсэн. Үүнээс гадна, Трампын АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг санхүүжилтгүй болгох, олон улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээ дахин тодорхойлох шийдвэр нь Монгол, АНУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд шууд нөлөөлөх ч стратегийн түншлэлийг сулруулахгүй
USAID-аас Монголд 6.6 сая ам.доллар ирдэг
2025 оны нэгдүгээр сарын 26-нд Трамп “АНУ-ын гадаад тусламжийг дахин үнэлэх, чиглүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд “АНУ цаашид тодорхой үр өгөөжгүйгээр мөнгө тараахгүй” гэж онцлов. Энэ 90 хоногийн үнэлгээ нь олон шатлалтай явагдах бөгөөд Трампын засаг захиргааны олон улсын зорилгод нийцэхгүй хөтөлбөрүүдийг танах үйл явц болох төлөвтэй байна. Монголын хувьд энэ нь жендэрийн тэгш байдал, байгаль орчин, зэрлэг амьтдын хамгаалал, боловсрол, судалгааны санхүүжилтийн олон төсөл цуцлагдаж болзошгүй гэсэн үг юм.
Монгол Улсад ардчилал хөгжиж эхэлснээс хойш USAID нь Монголын хөгжилд голлох дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү агентлаг нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх, санхүүгийн байгууллагуудыг тогтвортой болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тусалж ирсэн. АНУ-ын засгийн газрын мэдээллээс үзэхэд, 2001 оноос хойш Монгол Улсад нийт 20.4 сая ам.долларын гадаад тусламж олгосон бөгөөд үүнээс 6.6 сая ам.доллар нь USAID-аас ирсэн байна.
АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны мэдээлснээр:
USAID-ийн тусламж эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, томоохон банк санхүүгийн байгууллагуудыг байгуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, жижиг бизнесийг дэмжих, хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг төрөлжүүлэх, ардчилсан үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд хүрч буй.
Түүнчлэн, USAID АНУ болон Монголын эрдэм шинжилгээний салбарыг санхүүжүүлж ирсэн юм. Энэ нь хоёр орны соёлын болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. USAID-ийн санхүүжилт зогссоноор антропологи, археологи зэрэг судалгааны чиглэлийн хөтөлбөрүүдэд шууд нөлөө үзүүлнэ.
АНУ-аас санхүүжүүлдэг төсөл хөтөлбөрүүд нь зөвхөн Монголын хөгжлийг дэмжээд зогсохгүй жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.
2009-2012 онд Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Аддлтон USAID-ийн Монголд үзүүлсэн нөлөөг өндөр үнэлж, “USAID болон Монгол улс сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд өөрсдийн хэмжээнээс давсан үр дүнд хүрсэн” гэж онцолжээ. Тэрбээр Монгол улс гадаад тусламжийг үр дүнтэй ашигласнаар ДНБ, нэг хүнд ногдох орлого болон улсын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж чадсан гэв.
АНУ-ын Элчин сайд асан Майкл Клечески энэ талаар, “АНУ-ын тусламжийг танах нь олон улсын нэр хүндэд нөлөөлнө. Гэвч АНУ-Монголын харилцаа бат хэвээр үлдэнэ. Учир нь бидний нийтлэг ашиг сонирхол оршин байгаа” гэж онцолжээ.
АНУ, Монгол Улс 2019 онд стратегийн түншлэл тогтоосон. Энэ түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх ёстой байсан ч Трампын засаглалын үед АНУ-ын Монголд үзүүлэх тусламж огцом буурч, 2018 онд 46 сая ам.доллар байсан бол 2020 онд 12 сая ам.доллар болжээ. Гэсэн хэдий ч АНУ ковид-19-ийн эсрэг Монголын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор 24.8 тэрбум төгрөг (8 сая ам.доллар) олгосон байна.
Мянганы сорилтын сан (MCC)-гийн Монгол дахь Усны төсөлд тодорхойгүй байдал үүсч магадгүй
Байдены засаглалын үед АНУ-ын тусламж Монголын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд үргэлжлэн хүрч байсан. 2023 онд USAID Монголд зориулсан таван жилийн стратегийг танилцуулж, эрчим хүч, банк санхүү, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд анхаарсан юм. Харин одоо Трампын засаг захиргаа 2023-2028 оны хөтөлбөрийг эргэн харж буй тул жендэрийн тэгш байдал, байгаль орчны асуудал, нийтийн эрүүл мэндийн төслүүд цуцлагдах магадлалтай байна.
Үүнээс гадна, Мянганы сорилтын сан (MCC)-гийн Монгол дахь Усны төсөлд тодорхойгүй байдал үүсч магадгүй байна. Уг төсөл нь Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулахад чиглэсэн бөгөөд АНУ 350 сая ам.доллар, Монгол Улс 112 сая ам.долларыг хөрөнгө оруулжээ. 2024 оны есдүгээр сарын байдлаар АНУ-ын санхүүжилтийн 87.3 хувь буюу 305.5 сая ам.доллар төсөлд зарцуулагдаад байна.
Байдены засаг захиргаа огцрохын өмнөхөн USAID Монголд 13 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгожээ.
Трампын гадаад бодлого тодорхойгүй байгаатай холбоотойгоор Монголын шийдвэр гаргагчид АНУ-ын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. АНУ-Монголын харилцаа “3D” буюу батлан хамгаалах (defense), дипломат (diplomacy), хөгжлийн (development) чиглэлээр төвлөрдөг. Хэрэв хөгжлийн хэсэг нь хасагдвал Монгол АНУ-тай батлан хамгаалах, дипломат харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой.
2001 оноос хойш АНУ-аас Монголд олгосон тусламжийн 37 хувь нь цэргийн зорилготой байжээ.
2025 оны хоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбадорж АНУ-ын Номхон далайн командлалд зочилж, АНУ-ын хурандаа генерал Жошуа Руддтэй уулзсан. Энэ уулзалтаар Монгол Улс АНУ-тай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдээлснээр, уулзалтын үеэр Монгол Улс энхийг сахиулагчдынхаа тоог гурав дахин нэмэгдүүлэх зорилтоо онцолж, энэ зорилгод хүрэхийн тулд шаардлагатай техникийн туслалцаа болон хүний нөөцийн асуудлыг хөндсөн байна.
Монгол, АНУ-ын стратегийн түншлэл шинэ шатанд гарч буй энэ үед Монгол Улс АНУ-г удаан хугацаанд хүлээгдсэн “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийг батлахад шахалт үзүүлэхийн зэрэгцээ АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголын стратегийн чухал ашигт малтмал, аялал жуулчлал, технологи, шинжлэх ухааны салбарт хурдасгах боломжтой.
Трампын USAID-ийг татан буулгах эсвэл санхүүжилтийг нь эрс багасгах шийдвэр нь Монгол дахь олон төсөл, хөтөлбөрт шууд нөлөөлнө. Энэ үйл явдал нь Монголын Засгийн газарт хөгжлийнхөө төлөө зөвхөн гадаад тусламжаас хамааралтай байх нь эрсдэлтэй гэдгийг сануулах сэрээх дуудлага болох боломжтой.
Гэсэн хэдий ч Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын нэг давуу тал нь ардчилал, иргэний нийгэм, жендэрийн тэгш байдал, нийтийн эрүүл мэнд, бизнесийн орчныг дэмжих олон улсын түншүүдтэй байх явдал юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), түүнчлэн тодорхой хэмжээгээр Америкийн Худалдааны Танхим зэрэг байгууллагууд олон улсын олон донортой тогтолцооны хүрээнд санхүүжилтийн өөр эх үүсвэрүүд болж чадна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: The Diplomat
URL: http://www.fact.mn/482953.html