Нью-Йорк хотод дахин хүн галдан шатаасан хэрэг гарчээ
Өмнө нь, Нью-Йорк хотын метронд унтаж байсан эмэгтэйг галдан шатааж амийг нь хөнөөсөн хэрэг гарч байсан билээ. Энэ явдлаас хойш буюу өнгөрсөн ням гарагийн шөнө тус хотын Таймс Сквэрийн талбайд 45 настай эрэгтэйг шатаасан хэрэг гарсан байна.
Цагдаа нарын мэдээлснээр үүрийн 04:00 цагийн орчимд галд шатаж буй 45 настай эрэгтэйг олж, ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Түүнд халдсан этгээд хэргийн газраас зугтсан бөгөөд албаныхан эрэн сурвалжилж байгаа аж. Уг хэргийг санамсаргүй эсвэл санаатайгаар үйлдсэн эсэхийг хараахан тогтоогоогүй байна.
Мөрдөн байцаагч нарын мэдээлснээр сэжигтэн “Patron” нэртэй текилагийн лонхноос хохирогч руу шатамхай бодис цацаж, дараа нь гал асаасан бөгөөд хохирогч гал авалцсан чигтээ 30 орчим метр гүйх үед өөр хэн нэгэн гал унтраагч ашиглан галыг унтраасан байна.
Гудамжны хүчирхийлэл энэ жилийн Нью-Йорк хотын даргын сонгуулийн гол асуудал байх төлөвтэй байна. Сонгуульд өрсөлдөхөө зарлаад буй мужийн амбан захирагч асан Эндрю Куомо хотыг “хяналтаас гарсан” гэж тодорхойлоод, хотын даргаар сонгогдсон тохиолдолд 5,000 офицер нэмэхээ амлаад байгаа.
Харин одоогийн хотын дарга Эрик Адамс энэ асуудлыг цагдаагийн хомсдол бус, харин хуучин амбан захирагчийн гарын үсэг зурсан батлан даалтын шинэчлэлийн тухай хуультай холбон тайлбарладаг.
Түүнчлэн статистик мэдээллээр тус хотод гэмт хэргийн гаралт буурах хандлагатай байна.
Гэвч гурван сарын дотор хүнийг галдан шатаасан хэрэг хоёр дахь удаагаа гарснаар хотын аюулгүй байдлын талаарх маргаан дахин хөндөгдөж эхэлжээ.
Гурван сарын өмнө 57 настай Дебрина Кавам гэх эмэгтэй метрогоор зорчиж явахдаа ийм хэргийн хохирогч болсон юм. Түүнд халдсан этгээд болох Гватемал гаралтай цагаач Себастьян Запетаг хэрэг гарснаас хойш хэдэн цагийн дараа цагдан хорьж, хүн амины хэрэг, галдан шатаасан хэргээр буруутгасан.
Запета нь хохирогчийг амьсгал хураах хүртэл дэргэд нь байсан бөгөөд тухайн үед хотын захирагчийн албанаас “Хүнийг галдаж, амьдаар нь шатаж байгааг хараад зогсох нь хүлцэхийн аргагүй муу ёрын зүйл юм” гэж мэдэгдэж байв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: The Guardian
URL: http://www.fact.mn/482928.html