Трамп тарифаар сүрдүүлээд дахиад л буцав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.03.11/ Канад АНУ-д нийлүүлдэг цахилгаан энергийн үнийг нэмнэ гэсний хариуд гаалийн татвар онооно гэж мэдэгдсэн байна. Тодруулбал Трамп Канадын хөнгөн цагаан болон ганд 50 хувийн гаалийн татвар онооно гэсэн юм. Үүний дараа Канадын албан тушаалтан цахилгааны үнийг 25 хувиар нэмнэ хэмээснээсээ буцсан тул Трамп 50 хувийн тарифаасаа ухарчээ. Гэхдээ Цагаан ордон дараа нь мэдэгдэл хийхдээ бүх орны хөнгөн цагаан, ганд тавих 25 хувийн гаалийн татвар өнөөдрөөс /2025.03.12/ хэрэгжинэ гэсэн байна.
Канад улсын Онтарио муж АНУ-ын Мичиган, Миннесота, Нью Йорк мужид амьдардаг нэг сая гаруй иргэнд цахилгаан энерги нийлүүлдэг юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай уг явдлын дараа мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Трамп ард түмэнд дахин нэг ялалт авчрахын тулд дэлхийн хамгийн шилдэг, хамгийн том эдийн засгийн хөшүүргээ дахин ашиглалаа. Түүний өмнөх захирамжийн дагуу ган, хөнгөн цагаанд тавин 25 хувийн гаалийн татварыг гуравдугаар сарын 12-ны шөнө дундаас бүх улсад үйлчилнэ” хэмээжээ.
Канад, АНУ хоёрын тарифын маргаан нь Трампын бодлогын улмаас хэцүүхэн байдалд орсон АНУ-ын хөрөнгийн зах зээлд дахин нэг цохилт болсон юм. Өнгөрсөн сарын хугацаанд Трампын гаалийн татварын сүрдүүлэг, бодлогоос болж АНУ-ын хөрөнгийн зах зээлээс 5 их наяд гаруй ам.доллар арчигдсан.
Эх сурвалж: Reuters
URL: http://www.fact.mn/482800.html