НЭМҮТ болон СЭМҮТ-өөс өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ, донтолтын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг танилцуулсан. Энэхүү мэдээллээс зарим анхаарал хандуулах ёстой баримт, үр дүнг тоймлон хүргэж байна.
·Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад дундаж наслалт бага байгаа шалтгаан нь архи согтууруулах ундааны хэт их хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд архи согтууруулах ундааг хяналтгүй хэрэглэх хандлага нэмэгджээ. Тухайлбал, 8-12-р ангийн сурагчдын дунд судалгаа явуулахад 14 наснаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн сурагчид 42.3 хувь буюу бараг тал хувь нь байгаа юм.
Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага наслалттай байна. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг бодвол арван насаар бага насалж байна. Дундаж наслалтад нөлөөлж буй хүчин зүйлийг олон улсын судлаачдын баг, Монголын эрдэмтэн судлаачдын багтай хамтарч судалсан. Хамгийн эхний том шалтгаанаар өндөр хатуулгатай архины хэрэглээ байсан. Монгол хүний архи ууснаас үүдэлтэй амьдралаа алдаж байгаа жилүүд, архины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлтүүд 1990 оноос хойш тогтмол ихэссэн. Архинаас үүдэлтэй өвчлөл, амьдралаа алдсан байдлаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Манай улсын нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ 5-7.4 литр буюу нэлээд өндөр байна. Монголд 25 грамм архийг нэг цагийн хугацаанд задлах чадвартай гэж үздэг. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад архийг задалдаг ферментээрээ 4-5 дахин дутмагшилтай байгаа юм.
Монгол Улс согтууруулах ундааны хэрэглээ өндөртэй улс орнуудын нэг болсон бөгөөд сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд архи согтууруулах ундааг хяналтгүй хэрэглэх хандлага нэмэгдээд байгаа юм. 13-17 насны ЕБС-ийн долоон сурагч тутмын нэг нь нэг ба түүнээс олон удаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна. Мөн энэ насны 10 сурагч тутмын нэг нь сүүлийн 30 хоногт нэг уулт хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэсэн байгаа юм. Ямар учраас согтууруулах ундааг хэрэглэж байгаа талаар судлахад нийгэмшихийн тулд, олон найз нөхөдтэй болж хөгжилтэй байхын тулд гэх мэт шалтгаанаар хэрэглэдэг гэжээ.
Судлаачид 15-25 насыг сэтгэл хөдлөлийн цонх үе гэж нэрлэдэг. Энэ үед хүний сэтгэл хөдлөл тогтдог. Өөрийгөө гэмтээх үе нь ч мөн энэ насанд бий. Судалгаагаар энэ насанд амиа хорлолтын үе хамгийн өндөр байдаг байна. Сэтгэл хөдлөлийн цонх үедээ архи согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Эс бөгөөс ирээдүйд донтогч ч болох эрсдэлтэй юм.
Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах ДЭМБ-ын бодлогод таван үе шат байдаг. Эхний хэсэгт согтууруулах ундааны хүртээмжийг бууруулах хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Монгол Улсад архи согтууруулах ундаа хэр хүртээмжтэй байгаа талаар судлахад сургууль болгоны ойролцоо 500 метр тутамд согтууруулах ундаа худалдаалагдаж байна. Дэлгүүр лүү явж ороход согтууруулах ундааны бүтээгдэхүүнүүд хямдрал зарласан байдаг. Худалдаалж байгаа үйлчилгээний газруудад хяналт маш сул байна. Насанд хүрээгүй хүүхэд архи худалдаж авъя гэхэд чөлөөтэй болжээ. Архи согтууруулах ундааны хэт их хэрэглээний асуудлыг шийдвэрлэхийн тулд худалдаа үйлчилгээний орчныг болон хуулийн орчныг өөрчлөх хэрэгтэй. Мөн согтууруулах ундааны олдцыг багасгах аргуудыг хэрэгжүүлмээр байгаа юм.
URL: