“Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсэг ахлахаас нэрээ татах хэрэгтэй”

BATERDENE-810x500Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.01.15/ хуралдлаа.


Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Аззаяагийн 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд санаачилсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2024 оны арванхоёрдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад 3.3.2.8-д Нарансэвстэйн боомтыг сэргээж нээнэ гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33.047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Ажлын хэсгийг миний бие ахлах саналыг оруулж байна. Ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нар ажиллах санал ирүүлсэн байна. Таван гишүүнтэй байвал яах уу. Энэ тоогоо баталъя.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Иргэдийн санаачлагаар 33 мянган гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулж байна. Миний бие санаачлагыг дэмжих талд байгаа учраас байнгын хорооны даргыг нэрээ татах саналыг хэлж байна.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Тэгвэл ажлын хэсгээ батлах уу. Байнгын хорооны ажлын хэсгийг Б.Батбаатар гишүүнээр ахлуулах саналыг хураая. Санал хураалтаар 15 гишүүнээс дөрөв нь дэмжин, 26.7 хувиар УИХ-ын гишүүн Б.Батбаатар дэмжигдсэнгүй.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Байнгын хороо шуурхай ажлын хэсэг гаргаж байгаа  нь сайн. Арванхоёрдугаар сарын 15-нд ийм санаачлага гарч, сүүлийн санал нэгдүгээр сарын 5-нд орж, 10 хоногийн дотор ажлын хэсэг байгуулах асуудлыг оруулж ирж байна. Иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулах механизм байдаг уу?

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Ажлын хэсгээ өөрсдөө байгуулж, ажиллаад явъя. Дэд ажлын хэсэг байгуулж болдог. Зохих яам, мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсгээ оруулж болно. Тогтоолын 2 дугаар заалтад ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох байгууллагын албан тушаалтныг тухай бүр татан оролцуулахыг Ж.Бат-Эрдэнэд зөвшөөрсүгэй гэсэн байна.

Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 53.3 хувиар саналаар дэмжигдэж батлагдлаа. 

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Төсөл санаачлагчийн илтгэлийг Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Тэрбээр “Барилгажсан болон гэр хорооллын хэсэг, дэд төвүүдэд шинээр цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 м.кв-35 м.кв болгож, найм дахин нэмэгдүүлнэ” гэдгийг дурдсан юм.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Ажлын хэсэгтээ шипи авдаг албадын дарга нар ажиллуулахгүй шүү. Асуулт асуух гишүүд нэрсээ өгнө үү.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-2022 оны тав дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөний биелэлт 29 хувьтай байсан гэлээ. Үүний шалтгаан нь тухайн үеийн газрын алба болон Ерөнхий архитектор эрх мэдлээ хэтрүүлснээс шалтгаалсан гэлээ. Тэр хүмүүст хариуцлага тооцсон юм уу. 3000 орон сууц барьж байхад сургууль цэцэрлэггүй, орц гарцгүй барьсан байна. Нийт иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Захиргааны зүгээс өмнөх үеийн хотын удирдлагуудыг шалгуулахаар өргөдөл гомдол гаргаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний бие нийслэлийн газрын албаны дарга, Ерөнхий архитектор асан М.Цэлмэгтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад гаргасан. Хэргийг шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Ажлын хэсгийн маш том баг ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр 2020, 2030 төлөвлөгөө дээр ажилласан хүмүүс орж байгаа юу. Дан цоо шинэ хүмүүс байна уу. Яамдуудтай хэр холбогдож ажилласан бэ. Хотын даргын ажил биш шүү дээ. Бүх салбарын яам энэ ажилд хамаарна. Сайд нараас нэг нь ч байхгүй. Мэдээллүүд нь  хэр уялдаатай байгаа вэ?

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-2030 он хүртэлх чиг хандлага гэсэн нэр томъёоллоор орж ирсэн. Манай ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 2020 оноор дууссан. Бидний хөндлөнгийн аудит хийлгэсэн нь 2020 он хүртэл болон 2013 он хүртэлх төлөвлөгөөг дахин тодотгосон дүгнэлтэд дүн шинжилгээ хийсэн. 2013 оны тодотгол дээр ажилласан баг ажиллаж байгаа. Энэ удаагийн төлөвлөгөө өмнөх 4 төлөвлөгөөг ЗХУ-аас хийж байсан 5 дахийг дотоодын мэргэжилтэн хийсэн бол  энэ удаа нийслэлийн дэргэдэг Зураг төслийн хүрээлэн голлож ажиллана. Хотын суурьшил тэлэлтийг тодорхойлохоос гадна хүн ам зүйг бүхэлд нь тодорхойлдог. Нийт 14 яамны төлөөлөл оролцож, 12 мянган иргэнээс бичгээр санал авсан. Анх 2021 онд Засгийн газраар анх  орж буцсан байдаг. Үүнээс хойш дахин ажиллаж, нийт 242 их наяд төгрөгийн төсвөөр 2040 он хүртэл хэрэгжүүлнэ гэж үзсэний 120 их наяд төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргана. Үлдсэн төсвийг төр, хувийн хэвшил, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлнэ.


URL: