Сагсан бөмбөгийн тамирчин Kenny Wooten JR Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргажээ
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Энхбаясгалан төвийн байрлалд легеонер тамирчин авах шаардлагтай байгаа талаар оны өмнөхөн онцолж байв. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс легеонер тамирчин элсүүлэх ажлыг эхлүүлжээ.
Эхний ээлжид АНУ-ын иргэншилтэй тамирчин Kenny Wooten JR-ыг элсүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Түүний тухайд Үндэсний дээд лигийн “YES TLG” багт гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад тоглож байгаа юм. Тэрбээр эхний ээлжид Монгол Улсын иргэн болох хүсэлтээ өгөөд байгаа гэнэ. Монгол Улсын тухайд давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй нь үйл явцыг удаашруулж байгааг албаны хүмүүс онцолж буй юм.
Түүнчлэн Үндэсний дээд лигийн “Бишрэлт металл” багийн тамирчин Devon Scott-ыг Монгол Улсын шигшээ багт элсүүлэхээр ажиллаж байгаа бололтой. Devon Scott-ын тухайд мөн л АНУ-ын иргэншилтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин бөгөөд одоогоор гэр бүлийн хамтаар Монгол Улсад амьдарч байгаа юм.
“Yes TLG” багийн тамирчин Kenny Wooten JR-н хувьд 27 настай, 206 см өндөртэй төвийн байрлалд тоглодог тамирчин. Тэрбээр NBA-ын New York Knicks багт тоглож байсан туршлагатай тамирчин нэгэн. Харин “Бишрэлт металл” багийн тамирчин Devon Scott 31 настай, 206 см өндөртэй төвийн байрлалд тоглодог тамирчин. Түүнчлэн Бразил, БНСУ, Флиппин зэрэг улсын лигт тоглож байсан туршлагатай.
Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тухайд ирэх сард Гуамын багийн эсрэг чухал тоглолт хийх хуваарьтай байгаа. Үүнээс өмнө шигшээ багтаа дээрх тамирчдыг элсүүлэхээр ажиллаж байгаа аж.
О.ДАШ
https://tsahiur.mn/n/s/22674
URL: