Олон ахмад настан ганцаардалд өртөж байна
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настны тухай хууль хэрэгжиж эхэлээ. Энэ хуулийн зохицуулалтын талаар ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэгээс тодрууллаа.
Ахмад настны тухай хууль энэ оны 1-р сарын 01-ээс хэрэгжиж эхэллээ. Хуульд идэвхтэй насжилт гэдэг шинэ ойлголтыг тусгасан нь юуг илэрхийлэх вэ?
-Энэ хуульд эрүүл, идэвхтэй насжилтыг нэгдүгээрт тавьсан. Хоёрдугаарт ахмад настны хэрэгцээ, шаардлагад нийцсэн ямар үйлчилгээг төрөөс үзүүлж болохыг тодорхойлж тусгаснаараа онцлогтой. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж, орчныг бүрдүүлэхэд анхаарсан.
Манай улсад эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Гэтэл хүн бүр хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхыг илүүд үздэг шүү дээ. Зарим хүмүүс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахдаа насны хувьд залуу, туршлагатай, ид ажиллах насандаа тэтгэвэрт гарах тохиолдол цөөнгүй бий. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний тоо багасаж байгаа ч ахмад настныг эрт тэтгэвэрт гаргаж байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад хүн амын өсөлттэй харьцуулахад ахмад настны тоо 4-5 дахин нэмэгдсэн. Ахмадуудыг эрүүл мэндээ хамгаалж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрт хэрэгтэй орлогоо олж, амьдралын чанараа хадгалах боломжийг бүрдүүлэхэд энэ хуулийн гол зорилго чиглэж байна.
Судалгаанаас үзэхэд манай улсад хүн амын өсөлттэй харьцуулахад ахмад настны тоо 4-5 дахин нэмэгдсэн.
-Ахмадуудыг хөдөлмөр эрхлүүлэх нэрээр тэтгэвэрт гарах насыг хойшлуулах сонирхол байна гэх шүүмжлэл бий?
-Ахмад настны тухай хуульд эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих тухай заалтууд л бий. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж хийсэн гэж хэлж болно. Тэтгэврийн насыг хойшлуулах тухай ямар ч заалт энэ хуульд байхгүй. Харин тэтгэвэрт гарахад бэлтгэх, тэтгэвэрт гарсан ахмадуудыг эрүүл, идэвхтэй амьдралыг сонгох, бусдын дунд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход туслах юм. ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарч байгаа ахмадын 70 хувь нь эрүүл, идэвхтэй амьдралтай, тодорхой хугацаанд өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа гарсан.
Манай улсад нийт ахмадын 10 хувь нь л байнгын асаргаанд байгаа бөгөөд ихэнх ахмадууд эрүүл идэвхтэй, тодорхой хөдөлмөр эрхлэх бүрэн дүүрэн чадвартай байдаг. Мөн ахмадууд бусдад эрүүл, идэвхтэй амьдралын зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх, амьдралын туршлагаа хуваалцах, нийгэмдээ хэрэгтэй хүн байж хүндлүүлэх хэрэгцээ шаардлага бий нь харагдаж байгаа юм. Ахмадуудын тоо өсөж, нөгөө талд ажиллах хүчний хомсдолд орж байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Энэ тэнцвэрийг алдахгүйн тулд ихэнх улс шинээр бодолгоо тодорхойлж байна. Манай улс ч энэ жишгээр хуульдаа өөрчлөлт оруулсан.
Ихэнх ахмадад эрүүл, идэвхтэй амьдралын зөвлөмж, үйлчилгээ хэрэгтэй байна гэлээ. Энэ үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ?
-Бараг сум, хороо бүрд ахмадын өргөө, байр бий. Энэ байшин барилгыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй өдийг хүрчээ. Иймд Ахмад настны тухай хуульд “Ахмадын өргөө ордныг байнгын ажиллагаанд оруулж, ахмад настанд ямар үйлчилгээ үзүүлэх вэ” гэдгийг нарийвчлан заасан. Хуулийг хэрэгжүүлэхээр нийгмийн халамжийн санд идэвхтэй насжилтын үйлчилгээг дэмжих санхүүжилтийг оруулж өгсөн. Ахмадын төвд үйл ажиллагааны менежер, нийгмийн ажилтан гэх мэт 2-3 орон тооны ажилтан байх юм. Энэ хүмүүс ахмадын төвийг байнгын үйл ажиллагаатай байлгана.
Ахмадын өргөөнд дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ тогтмол болохоос гадна сургалт, уулзалт, мэдээлэл түгээх ажил үргэлж явагдана. Одоо манай ахмадуудын ихэнх нь гэртээ ач, зээгээ асрах үүрэг хүлээж байна. Тэдэнд очих газар ч ховор. Өндөр хөгжилтэй улс оронд ахмадуудыг чөлөөт цагаа өнгөрөөх байраар нь хангадаг. Харин доторх үйл ажиллагаа нь олон нийтийн оролцоотой тасралтгүй явагдаж байдаг.
Жишээ нь олон жил мэргэжлээрээ ажилласан эмч хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч, ахмадын ордондоо байрлаж, бусдадаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх жишээтэй. Мөн зарим үед ахмадууд мэргэжлийн багш нарыг хөлслөөд сургалтад хамрагддаг. Гэхдээ ахмадуудад зориулсан сургалт хөнгөлөлттэй, үнэгүй байх нь элбэг. Сургалт гэхээр нүсэр байдлаар төсөөлөх хэрэггүй. Залуучууд сайн дураараа ахмадын төвд очоод, гар утасны апп ашиглаж төлбөр тооцоог хэрхэн хийж байгааг заахад залуу, ахмад үеийн туршлага солилцох уулзалт болох юм. Мөн ахмад багш нар хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд тусалж болно. Энэ жишгээр ахмадын төвийг цааш нь ажиллуулахаар хуульд заасан.
ДЭМБ-ын судалгаагаар “Тэтгэвэрт гарсан ахмадуудын 70 хувь нь эрүүл идэвхтэй амьдралтай. Тодорхой хугацаанд өөрт тохирсон ажил хийх боломжтой” гэсэн дүгнэлтт гарсан.
-Хуульд ахмадуудад цогц үнэлгээ хийх тухай заасан байсан. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-ДЭМБ-ын судалгаагаар “Тэтгэвэрт гарсан ахмадуудын 70 хувь нь эрүүл идэвхтэй амьдралтай. Тодорхой хугацаанд өөрт тохирсон ажил хийх боломжтой” гэсэн дүгнэлтт гарсан байдаг. Дэлхийн олон оронд “Ахмад настны цогц үнэлгээ буюу “ICOPE”-ын аргачлалаар энэ судалгааг хийж байна. Харин манай улс энэ үнэлгээг анх удаагаа хийж эхэлнэ. ГБХНХ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар бүх хороо, сумын эрүүл мэндийн төв дээр энэ үнэлгээг хийж эхэлнэ.
Үнэлгээнд ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэлзүй, үйл ажиллагааны чадвар, нийгмийн тулгамдсан асуудлууд зэрэг нь орж байгаа юм. Нэг хүнийг үнэлэхэд 20-30 минут зарцуулахаар байгаа учраас илрүүлэх асуумжаар судалгааг эхлүүлж, шаардлагатай бол лавшруулан оношлох юм. Илрүүлэх асуумжаар сайн гарсан хүнд цааш нарийвчилсан үнэлгээ хийхгүй. Эхний ээлжид сайн дурын үндэс дээр энэ үнэлгээг хийнэ. Хүн бүрийг заавал үнэлгээнд хамрагдахыг шаардахгүй юм. Хууль дөнгөж л хэрэгжиж эхэлж байна. Ер нь цаашид энэ үнэлгээг хийж, үнэлгээ дээрээ үндэслэн ахмадуудад үйлчилгээ хүргэх юм.
-Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр хуульд заасан байсан. Энэ нь ямар тусламж үйлчилгээ байх вэ?
-Манай улсад байнгын асаргааны тэтгэмж өгөхөөс илүү нэмэлт үйлчилгээ ховор байсан. Харин энэ хуульд ахмад настны үйлчилгээг олон хувилбартай болгосон. Өнөөдөр нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байна. Зарим ахмад тэтгэврээсээ төлөөд илүү тохилог асрамжийн төвд амьдрах санал гаргахыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүст зориулсан орчин бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах хэрэгтэй болж байна.
Иймд асаргааны хувилбарт үйлчилгээнд идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээ, гэрээр асрах үйлчилгээ, өдрөөр асрах үйлчилгээ, түр болон урт хугацаагаар асрах үйлчилгээ, байнга асрах үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ зэрэг багтана. Зарим ахмад зөвхөн өдрөөр асруулах шаардлага гарвал үүнд тохирсон үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дээрх үйлчилгээг багцаар эсвэл үйлчилгээ тус бүрээр иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж гэрээлэн гүйцэтгэнэ гэж хууль, журамд тусгаад байна.
URL: