Х.Нямбаатар: Улаанбаатарт 2040 онд 2.5 сая хүн амьдардаг болно гэж тооцсон
Нийслэлийн Засаг дарга, бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хот төлөвлөлтийн Үндсэн хууль болох энэ бичиг баримтыг 2017 оноос хойш хот төлөвлөгч, гадаадын судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үр дүнд боловсрууллаа. Түүх сөхвөл, 1954 онд Монгол Улсын нийслэл анхны ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Хотын ерөнхий төлөвлөгөөний зарчим бол 20 минутын хотыг байгуулж, хүртээмжтэй хотыг бий болгох зорилтыг дэвшүүлж буй. Улаанбаатар хотын хүн ам 2040 онд 2.5 сая хүрч, нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, нийтийн тээврийн хүртээмж, ногоон байгууламж нэмэх, хүнсний хангамжийг нэмэх зэрэг бүх суурь үзүүлэлтийг үндэслэн боловсруулсан. Өмнөх таван ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийхэд, 2020 он хүртэлх төлөвлөгөө 29.3 хувьтай байсан. Гол шалтгаан нь санхүүгийн нөөцгүйгээс шалтгаалан шугам сүлжээтэй хэсэг рүүгээ орон сууцжуулах бодлого явуулсан нь том алдаа байсан.
Мөн хууль тогтоомжийн уялдаагүй байдал, авлига албан тушаалын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газар олгож, стандартыг зөрчиж барилга барьсан гэх дүгнэлтэд хүрсэн. Одоогийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 240 гаруй их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан. Үүний 120 орчим төгрөгийг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 16 жилийн хугацаанд гаргана. Тэр дундаа дулаан болон цахилгааны шугам сүлжээнд улсын төсвийг чиглүүлнэ. Боломжтой газруудад 120 гаруй их наядын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Жишээлбэл, явган хүн замын уртыг одоогийнхоос ес дахин, дугуйн замыг 20 дахин, авто замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөсгөнө. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22 км/цагт хүргэх, нийт айл өрхүүдийн 80 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангаж, орон сууцжуулах том ажлыг тусгасан.
Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын суурьшлын бүсийг Богд уулынхаа өвөр тал руу тэлж, дагуул хот байгуулна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо орчмыг хүнсний хангамжийн дагуул хот, Налайх хот болон Хөшигийн хөндийг тээвэр ложистикийн тэлэлтийн бүс болгох, мах сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах таталцлын бүсийг Төв аймгийн баруун сумд байхаар төлөвлөж байгаа. Хөшигийн хөндий орчмыг 2024 оны тавдугаар сарын 20-нд УИХ-аар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль буюу Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт 33 мянган га газрыг корпорацийн зарчмаар Улаанбаатар хот хамтран эзэмшихээр болсон. Энэ хоттой холбогдохын тулд одоогийн нисэх онгоцны буудал явж байгаа хурдны замыг түшиглэсэн 2040 он хүртэлх төлөвлөлтөөр LRT-гаар холбогдсон нэг бүсчлэлээр очих, Зуунмод хотын нутгууд Богд уул орчмын тэлэлтийн бүсийг бий болгоно.
Зам тээврийн яам ТЭЗҮ-г хэрэгжүүлэх ажил хийж байгаа. Төслийн санхүүжилт нь ямар байхыг шийдээгүй байна.Туулын хурдны замыг нийслэлээс хариуцан хийхээр 33 км, зургаан эгнээ, найман орц гарцтай бүтээн байгуулалтыг 916 тэрбум төгрөг буюу дөрвөн эгнээ байхаар магадлагдсан. Сүүлд Засгийн газрын хуралдаанаар зургаан эгнээ болгох чиглэл өгч, шийдвэрлэсэн. ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг хийж байна. Мөн хуучин зургаар хийцлэлийн хувьд хотын архитектурт таатай биш байдлаар төлөвлөсөн. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос Их тэнгэрийн гүүр хүртэлх 20 гаруй метр өндөр шороон даланг овоолж, зам тавихаар төлөвлөсөн байсан. Бид 2040 оны төлөвлөгөөнд уялдуулж гүүрэн байгууламжаар шийдэхээр ТЭЗҮ-г өөрчилж байна. Энэ ажил нэгдүгээр сарын 25-нд дуусна. Олон улсын нээлттэй тендер зарлана” гэлээ.
URL: