Нью-Йорк замын түгжрэлийн хураамж нэвтрүүлсэн АНУ-ын анхны хот боллоо
АНУ-д анх удаа замын түгжрэлийн хураамжийн систем Нью-Йорк хотод хэрэгжиж эхэллээ.
Жолооч нар өдөрт $9 буюу 30 мянга гаруй төгрөгийн хураамж төлөх бөгөөд тээврийн хэрэгслийн төрлөөс нь хамааран энэ хураамж ялгаатай байх юм.
Түгжрэлийн бүс нь Central Park-ийн өмнөд хэсэг, Empire State барилга, Times Square, Wall Street-ийн санхүүгийн дүүрэг орчмын хэсгийг хамрах аж.
Нью-Йорк хотын автозамын түгжрэлийг багасгаж, нийтийн тээврийн системд зориулсан хөрөнгө босгох зорилготой гэж тайлбарласан.
Гэхдээ энэ хэрэгжилтийг Нью-Йорк хотын иргэд болон Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ихээхэн эсэргүүцэж буй.
Нью-Йорк хотын захирагч түгжрэлийн хураамжийг хоёр жилийн өмнө санаачилсан ч зарим бизнес эрхлэгч болон зорчигч нарын гомдлын улмаас хойшлуулж, өөрчлөлт оруулсан байна.
Ихэнх жолооч оргил цагуудад түгжрэлийн бүс рүү нэвтрэхэд өдөрт нэг удаа $9, бусад үед $2.25 төлөх юм.
Харин бага оврын ачааны машинууд болон зорчигч тээврийн бус автобуснууд оргил цагуудад $14.4 төлнө. Том оврын ачааны машин, жуулчдын автобуснууд $21.6 хураамж төлөхөөр тогтоожээ.
Нью-Йорк хотын уугуул Дональд Трамп Ерөнхийлөгчийн албанд очсон даруй энэ хэрэгжилтийг цуцална хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж: ВВС
URL: