АНУ-ын төвийн нутгаар цасан шуурга шуурч байна
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 6 /Reuters/. АНУ-д цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, агаарын хэм буурсны улмаас Канзас, Нью-Жерси зэрэг 10 гаруй муж улсын 60 сая орчим оршин суугчдад шуурганаас сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргүүлжээ.
АНУ-ын Конгресс Дональд Трампыг Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчөөр сонгогдсоныг албан ёсоор баталгаажуулах ёстой даваа гарагт Вашингтон хотыг шуурга дайран өнгөрч, их хэмжээний цас орж, хүйтрэх төлөвтэй байна.
БНН-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон ням гарагт “Fox News” сувагт мэдээлэхдээ, цаг агаар хууль тогтоогчдыг үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй гэж хэлсэн байна. Канзас болон Миссуригийн баруун хойд хэсэгт ням гаргийн үдээс хойш цасан шуурга шуурсан гэж Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ. Замууд цас мөсөөр хучигдсан тул зорчихгүй байхыг албаныхан уриалсан байна.
Өмнөд нутгийн Охайо муж улсаас Вашингтон хүртэлх нутаг дэвсгэрт 15-30 см зузаан цас орох төлөвтэй байна. Хойд Кентакки болон Баруун Виржиниагийн өмнөд хэсэгт хүйтэн жавартай бороо, нойтон цас орж, мөстөх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлжээ.
Шуурганы улмаас олон зуун нислэг, түүний дотроос Канзас-Сити болон Сент-Луис хотуудад 275 гаруй нислэг цуцлагдсан тухай “FlightAware” цахим хуудас мэдээлсэн байна. Түүнчлэн Канзас, Кентакки, Арканзас, Баруун Виржиниа, Виржиниа зэрэг хэд хэдэн мужид онцгой байдал зарлажээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: