“Tesla”-ийн машиныг дэлбэлсэн этгээд тусгай хүчинд алба хааж байжээ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 5 /BBC/. Лас-Вегас хот дахь “Trump Hotel” зочид буудлын гадаа “Tesla” компанийн “Cybertruck” загварын цахилгаан автомашиныг дэлбэлсэн этгээд нь Америкийн армийн тусгай хүчний алба хаагч байсан тухай тус улсын цагдаа, цэргийнхэн пүрэв гарагт мэдээлжээ.
Мэттью Ливелсбергер гэх 37 настай уг этгээд тусгай хүчний тагнуулын албанд түрүүч цолтой байжээ. Мөрдөн байцаагчид түүний намтар болон шинэ оны шөнө Шинэ Орлеанд 14 хүний амийг хөнөөсөн чөлөөнд гарсан цэргийн офицер Шамсуддин Жаббарын намтраас хэд хэдэн ижил төстэй зүйлийг олж илрүүлсэн боловч Ливелсбергер, Жаббар хоёр бие биенээ таньдаг байсан эсэх нь тодорхойгүй байна.
Шатсан пикап машинаас Ливелсбергерийн цэргийн үнэмлэх, паспорт, мөн түүний нэр дээрх хэд хэдэн зээлийн карт, хоёр ширхэг буу, iPhone гар утас, цаг олдсон гэж Лас-Вегас хотын цагдаагийн газрын дарга Кевин Макмахилл пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэлсэн байна.
Түүний хэлснээр, Ливелсбергерийн цогцос танигдахын аргагүй шатсан тул эцсийн тодорхойлолтыг гаргахын тулд ДНХ-ийн шинжилгээ хийх шаардлагатай байна. Ливелсбергер тусгай хүчний цэрэг байсан гэдгийг Пентагоны төлөөлөгч батлаад тухайн үед Ливелсбергер чөлөө авсан байсан гэж мэдэгджээ.
Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, сэжигтэн этгээд ямар сэдлээр дэлбэрэлт үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Уг этгээд “Cybertruck” машиныг төрөлх нутаг болох Колорадо муж улсын Денвер хотоос түрээсэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: