БНСУ-д гашуудал зарлалаа

326490-29122024-1735475771-1192658477-PYH2024122903410005400_P4Өнөө өглөө орон нутгийн цагаар 09.07 цагт БНСУ-ын Муан онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж, 177 иргэн амиа алдсан. Онгоцонд  181 зорчигч байжээ. Хоёр хүнийг эрэн хайсаар байна.

Хяналтын цамхаг нисэх зурвасын эсрэг чиглэлд буух зөвшөөрөл өгсний дараа нисгэгч буухыг оролдсон ч зурвасыг хэтрүүлж, хана мөргөн, онгоц шатсан юм.

Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Чой Сан Мок улс даяар гашуудал зарлав. Тэрээр ослын газарт ирж мэдэгдэл хийн, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Гашуудал долоо хоногийн хугацаанд үргэлжилж, ирэх бямба гарагийн шөнө дуусах юм.

Муан онгоцны буудлыг гамшгийн тусгай бүс болгон зарласан. Ингэснээр төрийн дэмжлэгийг шуурхай үзүүлэх боломжтой гэв. Онгоцны буудлын нисэх зурвас нийт 2800 метр урт. Засварын ажил хийж байгаа тул одоо 2500 метр урт байгаа нь ослын шалтгаан болоогүй гэж БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлжээ. Боинг 737-800 хөлөг 1500-1600 метр урт нисэх зурваст газардах боломжтой байдаг гэсэн байна.

Нисэх онгоцны буудлууд шувуудыг холдуулахын тулд акустик үргээгч болон бусад арга хэмжээг ашигладаг ч Муан олон улсын онгоцны буудалд 2019 оноос өнгөрсөн наймдугаар сар хүртэл нийт арван удаа шувуу онгоц руу дайрсан гэж бүртгэжээ.

БНХАУ-ын Засгийн газар, иргэдийн нэрийн өмнөөс тус улсын дарга Ши Жинпин эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгчид илгээсэн эмгэнэлдээ ослын мэдээнд ихээхэн цочирдсон тухай бичсэн байна.

Эх сурвалж: Yonhap


URL: