Дуудлагаар очсон ЦАГДААГ зодсон, хоолойг нь боосон зэрэг биед нь халдсан 5 тохиолдол бүртгэгджээ

75e6fe971c5baaf93b1db991e13a99f7Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд 102 яаралтай тусламжийн утсанд дуудлага мэдээлэл өгдөг.

Тэгвэл дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон мөн гудамж талбайд албан үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдлийг зарим иргэд гаргадаг.

Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс жишээ татан авч үзэхэд, Булган аймгийн нутаг дэвсгэрт дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн иргэн Б нь согтуурсан үедээ алба хаагчийн хамар руу нь мөргөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зугтсан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “120 мянгат орчим байрны урд согтуу хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон алба хаагчийн хоолойг боож танхайрсан, Дорноговь аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулсан алба хаагчийн нүүрэн тус газарт цохиж, дүрэмт хувцсыг урсан, Дорноговь аймагт алба хаагчийг алба үүрэгтэй нь холбогдулан утсаар заналхийлсэн зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5 мэдээлэл бүртгэгдээд байна.

Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Тэгвэл хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Тэгвэл энэ оны эхний 11 сарын байдлаар хууль, тогтоомжид заасны дагуу хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, доромжилсон зэрэг зөрчил үйлдсэн 672 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу нийт 167.150.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх 685 гомдол мэдээлэл бүртгэгдэн, 165 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 114 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.


URL: