Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний төв 2”-ыг байгуулахыг захирамж гаргажээ
Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв 2″-ын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, “Хавдар судлалын үндэсний төв 2″-ын барилгын ажилд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хавдар судлал-2 эмнэлгийг барих зайлшгүй шаардлага бий. Эмнэлгийн барилга баригдаж дуусахад 4-5 жилийн хугацаа шаардана. Энэ хугацаанд бид өнөөдрийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ХСҮТ-ийн тусламж үйлчилгээг өргөтгөж, үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн учраас ирэх оны улсын төсөвт эмнэлгийн өргөтгөл, их засвар, тоног, төхөөрөмжийг зардлыг тусгуулж чадлаа хэмээсэн юм.
Ирэх оны улсын төсөвт Хавдар судлалын үндэсний төвийн их засварт 2.5 тэрбум төгрөг, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор 150 ортой эмнэлгийг зориулалттай барилгыг лизингээр буюу 17 тэрбум төгрөгөөр түрээслэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг тусгажээ.
URL: