Ерөнхийлөгч сайд, дарга нарыг дуудаж, утааг бууруулах үүрэг чиглэл өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.12.16/ УИХ, Засгийн газрын гишүүд болон Тавантолгой түлш компанийн удирдлагуудыг дуудаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсож, утааг бууруулах үүрэг чиглэл өгчээ.
Уулзалтад УИХ-ын дарга болон УИХ дахь бүлгийн дарга нар оролцжээ. Ерөнхий сайдыг оролцох хүсэлт тавьсан боловч уулзалтад ирээгүй байна. Засгийн газрын дэргэд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ажиллаж байсныг татан буулгажээ. Мөн нийслэл хотод түүхий нүүрс орж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг байсан бол одоо байхгүй болсонд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй ханджээ.
Ерөнхийлөгч, 2019 онд шахмал түлш үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлж байхад утаа тодорхой хэмжээгээр багассан. Гэтэл өнөөдөр нийслэлийн гэр хороололд 100 хувь шахмал түлш хэрэглэж байхад утаа яагаад улам ихсэв? гэдэг асуудлыг хөндөж, түлшний чанар, орц найрлагад анхаарал хандуулах үүрэг өгсөн байна.
URL: