Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2034 он хүртэл ДАШТ-ийг зохион байгуулах улс орнуудыг зарлалаа

b26741d875ef71c554536f2760406db12175c811Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг ДАШТ хоёр жилийн өмнө Катар улсад зохион байгуулагдаж, Аргентины шигшээ баг дэлхийн аваргын цомыг өргөсөн. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тэмцээнийг 2026 онд Умард Америк тивийн АНУ, Канад болон Мексик улсууд хамтран зохион байгуулах эрх авсан.

Тэгвэл өчигдөр хуралдсан Олон улсын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хуралдаанаар 2030, 2034 онуудад ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг сонгон шалгаруулж зарлалаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны анхны ДАШТ 1930 онд зохион байгуулагдаж байсан. Тиймээс 2030 онд хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн зуун жилийн ойтойгоо золгоно. Зуун жилийн ойн тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй үүргийг Испани, Португал, Марокка улсууд хамтран хүлээсэн байна.

Харин 2034 онд дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Саудын Араб улсад өрсөлдөгчгүйгээр олголоо. Олон улсын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жил 2034 онд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй орнуудад сонгон шалгаруулалт зарласан. Нэг сарын хугацаатай зарласан сонгон шалгаруулалтад Австрали, Саудын Араб улсууд нэрээ өгсөн. Гэвч хэт давчуу богино хугацаанд сонгон шалгаруулалтыг явуулсан шалтгаанаар Австрали улс нэрээ татсанаар Саудын Араб улс үлдсэн юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус цахим хуралдаан дээр явуулсан 211 гишүүн орны төлөөлөгчдийн санал хураалтаар 2030, 2034 онуудад хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах улс орнуудыг дэмжсэн байна. Үүний дараа Саудын Арабын Спортын сайд Абдулазиз бин Турки аль Сауд 2034 оны ДАШТ-ийг хэзээд мартагдахааргүй, түүхэнд тохиож байгаагүй онцлогтой зохион байгуулж хөлбөмбөгийн түүхийг шинээр бүтээнэ гэж амлажээ.

Саудын Араб нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаа Ойрхи Дорнодын хоёр дахь улс болж байна. Катар улс 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулснаар бүс нутагтаа анхдагч нь болсон юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2034 он хүртэл ДАШТ-ийг зохион байгуулах улс орнуудыг зарлалаа

Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачилсан эдийн засгийн стратегийн “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авах нь гол төлөвлөгөө байсан юм. Уг хөтөлбөрт гурван үндсэн зорилт тавьсан байдаг. Үүнд нийгмийг идэвхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, улсын нэр хүндийг өсгөх гэсэн зорилтууд багтжээ.

2034 оны дэлхийн аваргын тэмцээн өмнөх тэмцээн уралдаануудаас онцлог болно. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гаргасан шийдвэрээр анх удаа 48 багийн тэмцээнийг нэг улс дангаараа зохион байгуулах гэж байна. Өмнө нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 32 орны баг өрсөлддөг байсан бол 2026 оноос 48 орны шигшээ баг өрсөлдөх юм.  Саудын Араб улс 10 жилийн дараа болох тэмцээнд зориулж 15 цэнгэлдэх хүрээлэн бэлдэхээр танилцуулсан бөгөөд дөрөв нь аль хэдийнэ баригджээ. Зохион байгуулах хотуудын жагсаалтад Рияд, Жедда, Хобар, Аба, Неом хотууд багтсан байна.

Нөгөөтэйгүүр Саудын Араб улс олон тооны цаазаар авах ял гүйцэтгэдэг, эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулдаг гэх нилээд олон шалтгаанаар олон улсын хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл сонсдог. Хэдийгээр хүний эрх зөрчигддөг улс орнуудын нэгд зүй ёсоор багтдаг боловч 2034 онд тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны нэг ч гишүүн орон эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрлөө.


URL: