Кино урлагийг дэмжих сан, Соёлын эрхийн бичгийн зардлыг ТӨСВӨӨС ХАСНА

c94d044a3a17451089f4f635e65c262cУлсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр (2024.12.10) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Улсын Их Хурлаас Засгийн газарт өгсөн алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэлийн дагуу зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг дурдсан юм. Үүний хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулахгүй байх зарчмыг баримталсан хэмээн танилцуулав.

Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн зарим байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.

Харин зардлыг бууруулах хүрээнд төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан гэв.

Тодруулбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг бууруулсан байна.

Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг хассан байна.

Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.

Эдгээрээс гадна  байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаар төсөл санаачлагч шийдвэрлэжээ.

Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулах юм байна. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж байгаа аж.


URL: