Башар аль-Ассадын ноёрхол дууссан нь ОХУ-ын хувьд томоохон алдагдал
Владимир Путин ЗХУ-ын дараах ОХУ-ын удирдлагыг гартаа авахдаа Москвад дэлхийн томоохон гүрэн байсан статусыг нь сэргээх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил нь урт хугацааны турш явагдсан ч Сирийн иргэний дайн зэвсэгт хүчнээрээ хөндлөнгөөс оролцсоныгоо Москва өөрийгөө олон улсын тавцан дахь томоохон тоглогч болж буцаж ирсний нотолгоо хэмээсэн юм.
Москва тэрхүү амжилтаа Ойрх дорнод болон бусад бүсэд нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө ашигласан. Тэгвэл ОХУ-ын Ойрх дорнод дахь гол холбоотон Башар аль-Ассадын засаг нуран унасан нь Москвагийн амбицад ноцтой цохилт боллоо. Ойрх дорнодын шинжээч Филлип Смит “Путиний Сирид хийсэн цэргийн аялал нь ОХУ-ыг гадаадын оронд нөлөөлөх чадалтай агуу гүрэн гэж харуулах байсан. Сирийг алдсан нь Путиний хувьд томоохон цохилт” гэжээ.
Ассад огцорч улсаасаа дүрвэсэн нь ОХУ-ын томоохон гүрэн гэх дүр зурагт сөрөг нөлөөтэйгөөс гадна стратегийн том ухралт болж буй. Учир нь Сири улсад ОХУ-ын хоёр том цэргийн байгууламж байдаг. Тэд бол Хмеймим дэх агаарын бааз, Тартус дахь тэнгисийн бааз юм. Тартусийн тэнгисийн бааз нь өвөл хөлддөггүй, бүлээн устай тэнгист ОХУ-ын байрладаг хоёрхон баазын нэг. Тус баазаар дамжин ОХУ-ын хөлгүүд Газар дундын тэнгис рүү нэвтэрдэг байсан билээ.
Смит “ОХУ нь Сири дэх баазуудаараа дамжуулж Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Ойрх дорнодод хүчийг үзүүлэхэд ашигладаг байсна” гэжээ. “Washington Institute”-ын ахлах ажилтан Аарон Зелин хэлэхдээ Сири дэх хөрөнгөө хамгаалах хангалттай цэргийн хүч ОХУ-д байхгүй хэмээсэн юм. Тэр “ОХУ анх 2015 онд Сирид зэвсэгт хүчнээрээ оролцсонтой харьцуулахад одоо Украинд хавьгүй том дайн хийж байгаа гэдгийг санах нь чухал” гэсэн байна.
Зелин “ОХУ Сахарын цөлөөс өмнөдөд оршдог Африкт ч мөн хөрөнгөө хамгаалахаар байлдаж байгаа. Арван жилийн өмнө Вагнер бүлгийг Пригожин удирдаж байсан шиг гаднын оронд хөрөнгөө хамгаалах хүчин чадал ОХУ-д байхгүй” хэмээсэн юм. Түүний үзэж буйгаар бол ОХУ Тартус дахь тэнгисийн цэргийн баазаа алдах нь маш том гарз болно. Тэр “Тартус нь ОХУ-ын зэвсэгт хүчин цэргийн үйл ажиллагаа, хүчийг үзүүлэх ажиллагаа явуулж болох цорын ганц бүлээн устай боомт. Алдвал ОХУ-ыг Ойрх дорнодоос үндсэндээ таслах болно” гэжээ.
Германы Олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Хамидреза Азизи хэлэхдээ Ассадын ноёрхол нуран унасан нь “ОХУ хилийн чанадад цэрэг, улс төрийн нөлөөллөө хадгалж, дэлхийн хүчирхэг гүрэн гэж мэдэгдэж буй статуст нь томоохон цохилт болно” хэмээсэн юм. Одоо үүнээс эхлэн Латин Америк, Африк зэрэг бусад бүс нутгийн тоглогчид ОХУ дээр тулгуурлаж буй харилцаандаа эргэлзэж магадгүй гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: RFE
URL: