Трамп сонгуулийн дараах анхны гадаад айлчлалаа хийв

AP24342601794092-810x500Дональд Трамп арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойших анхны гадаад айлчлалаараа Парист ирээд байна. Тэрбээр таван жилийн өмнө түймэрт өртөн сүйдсэн Нотр-Дамын сүмийг дахин нээх ёслолд оролцохоор ирсэн нь энэ юм.

Энэхүү айлчлалын хүрээнд тэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзлаа.

Макрон энэ үеэр Трампийг Парист дахин угтан авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Харин Трамп “Бид хамтран ажиллаж батлан хамгаалах тал дээр маш их амжилтад хүрлээ. Яг одоо дэлхий ертөнц үнэхээр галзуурч байх шиг санагдаж байна. Энэ талаар бид ярих болно” гэжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дараа нь хэлэлцээнд нэгдсэн. Гэхдээ тэдний чухам юу хэлэлцсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ гурван удирдагчийг Украины нөхцөл байдлын хэтийн төлөв болон бусад асуудлаар ярилцсан гэж үзэж байна. Мөн буулт хийхээс өөр аргагүй нөхцөл байдлыг Украин хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг Зеленский илэрхийлсэн гэж үзэж байна. Тэд уулзалтынхаа дараа сэтгүүлчдийн өмнө гарч ирэн, гар барьж, хоорондоо ярилцсан аж.

Зеленский энэ талаар цахим сүлжээндээ бичихдээ “Гурван талт уулзалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Ерөнхийлөгч Трамп урьдын адил шийдэмгий байна. Бид үргэлжлүүлэн хамтран ажиллаж, холбоотой байхаар тохиролцсон” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK


URL: