Төр “тусгай зөвшөөрөл”-өө хамгаалж чадахгүй бол том төсөл ярих хэрэг байна уу?!
Уг нь 3.5 сая монгол хүн 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг дээрээ аятай таатай амьдарчих боломж хангалттай бий. Тусгаар тогтнол нь байна. Байгалийн нөөц нь байна.
Магадгүй, геополитикийн хувьд ч боломж ихтэй. Гагцхүү дотроо хэрүүлгүй, гаднаа нэртэй байгаад, дээрээс нь Төр “төв” байвал болчихоор л байгаа юм.
Гэвч ардчилал, зах зээлд шилжсэнээс хойших он жилүүдэд бид хийдэг бус хэрэглэдэг улс болж бүрэн төлөвшив. Идэх уух, өмсөх зүүхээ хүртэл импортоор авчирч хэрэглэдэг арчаагүй ард түмэн болж хоцров. Муу хэлээд байдаг социалист нийгмийн үед байгуулсан хэдэн үйлдвэрээ бүрэн татан буулгаад байхгүй болгосон. Барилга объектуудыг нь хуваагаад авчихсан.
Нэг ийм шилжилтийн үе нь дуусахгүй байсаар бүхэл бүтэн 30 гаруй жилийг өнгөрөөчихсөн. Ямар ч тоо баримт, онол томьёо ярихгүйгээр нүдэнд ил байгаа нь энэ.
Сүүлийн жилүүдэд харин “…Монгол Улс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, бусад шууд хэрэглээний гадаад хяналтаас гарах хэрэгтэй” гэж овоо ярьдаг болсон. “…Хараат байдлаас гарч, бие даахын тулд чиглэл бүр дээр нь том төслүүд хэрэгжүүлэх ёстой” гээд байгаа юм.
Гэхдээ том төслүүд өөрөө хэрэгжчихгүй. Хэрэгжүүлэхийн тулд бид зардал чирэгдэл, ажиллах хүч гээд хүчин чармайлт гаргах ёстой. “…Хоёр чихнээс өөр өгөх зүйлгүй хоосон хүн” гэдэг шиг гаргаад өгөх мөнгө бидэнд алга. Ганцхан байгалийн нөөц л бий. Түүгээрээ дулдуйдаж хөрөнгө оруулалт татах учиртай. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөцөө л зөвөөр эргэлтэд оруулж чадвал яриад байгаа том төслүүдийг хэрэгжүүлж чадна. Ер нь бол ийм л цорын ганц гарцтай.
Гэвч өнөөдөр манай байгалийн нөөцийг ашиглаж, том төслүүдийг хэрэгжүүлэх гаднын хөрөнгө оруулагчид олдох уу. Ийм ядарсан, арга барагдсан асуулт гарч ирчхээд хариултгүй яваад л байна.
Сая тэр “Чайна энержи”-гийн саналыг сонссон, үзсэн бол “…Танайх хууль эрх зүйн найдвартай орчин бүрдүүлж өг” гэсэн байгаа юм. УИХ-ын шийдвэрийг хүссэн байна лээ. Яг л энэ. Зөвхөн “Чайна энержи” биш хөрөнгө оруулагч бүр үүнийг л хүсдэг. Угаасаа гадаадын хөрөнгө оруулагчид “…Монгол Улс найдваргүй. Нэг төсөл хэрэгжүүлэх гээд хөрөнгө оруулахаар засаг төр нь байн байн солигдчихно. Сайд, дарга бүр нь “…Намайг яаж баярлуулах гэж байна вэ. Надад ямар ашигтай вэ” гээд суучихдаг. Монголчуудыг ойлгодоггүй” гэлцдэг. Тэр бүү хэл, улс төр-хууль хяналтынхан нь нийлж байгаад дээрэмддэг. Гадна талдаа манайх ингэж л ойлгогддог. Тэгэхээр юуны өмнө бүх төрлийн бизнес, том төсөл хэрэгжүүлэхэд таатай, найдвартай эрх зүйн орчин маш чухал хэрэгцээтэй болчихсон. Ингэхгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэх ямар ч боломжгүй болсон.
Ерөөсөө гадаадын хөрөнгө оруулагчид манай хууль эрх зүйн таатай орчин, төр, засгийн тогтвортой байдлыг гол шалгуураа болгодог.
Дээрээс нь хүний, өөрийн хөрөнгө оруулалтад хандах төрийн хийгээд иргэд олон нийтийн хандлага маш чухал байр суурийг эзэлдэг байгаа юм.
Тодруулбал, монголчуудын өөрсдийнх нь хэрэгжүүлж буй том, жижиг төслүүд хэр зэрэг найдвартай орчноор хангагддаг вэ. Төр нь, ард иргэд нь яаж ханддаг вэ. Үүнийг сайн анзаардаг.
Гэхдээ манай үндэсний гэж болохуйц бизнесмэнүүд, компаниуд ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс төвөгшөөдөг. Уул уурхай эрхэлдэг бизнесмэнүүд голдуу тусгай зөвшөөрлийн ченжэрхүү ажиллана. Тэр нь ч амар байдаг бололтой юм. Учир нь нөгөө л дээр хэлсэн зовлонг туулахыг тэд хүсдэггүй. Тэр утгаар нь тэдгээр хүмүүсийг буруутгах аргагүй юм. Харин зориглоод төслөө гардаад хийж байгаа хүмүүс нь зовж гүйцдэг аж.
Үүнийг саяхан болсон нэг жишээнээс тодорхой харлаа. Ховдын Мянгад сум дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн төслийг хэрэгжүүлэгчид яг л ийм “тамын тогоо”-ны зовлонг эдлээд эхэлжээ. Тэд хайгуулын тусгай зөвшөөрлөө арав гаруй жилийн өмнө авч, 2011 оноос эхлээд хайгуул, бусад ажлаа хийж, энэ хооронд 200 гаруй сая ам.доллар зарцуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл эхлүүлж чадаагүй л байна.
Нарийвтар тооцвол, өнгөрсөн 13 жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлэгчид хөрөнгө, хүчээ зараад л байсан. Төрийн байгууллагууд, нутгийн иргэдээр дамжсан ямар нэг саад тотгор гарсаар байжээ. Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК нь 2011 оны гуравдугаар сарын 22-нд Халзан бүрэгтэй ордын ашиглалт, хайгуулын зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрөл гэдэг тусгай шалгууртай. Худгийн ус хутгаад авахаас тэс өөр зүйл л дээ. Судалгаа шинжилгээнээс эхлээд маш нарийн төвөгтэй бичиг баримтуудыг бүрдүүлж байж тусгай зөвшөөрлийг авдаг. Манай ямар ч бизнес ийм л замыг туулдаг. Явдал суудал ихтэй, хөрөнгө зарлага өндөртэй.
Яг энэ “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК л гэхэд тусгай зөвшөөрөл авсных нь дараа жил 2012 оны аравдугаар сарын 29-нд түүнийг нь цуцлах улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг тухайн үеийн аймгийн Засаг дарга АМГ, БОНХЯ-нд хандсан. Улмаар нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Ингэсээр 2013 онд анхны хайгуулын ажил эхэлсэн байгаа юм. Тус хайгуулын ажлаар “…Халзан бүрэгтэйн орд нь эдийн үр өгөөж багатай” гэх дүгнэлт гарчээ. Газрын ховор элементийн Австрали, Америк зэрэг улсад нээсэн ордуудын агуулга нь 4-5 хувьтай байхад Халзан бүрэгтэйнх 0.4 хувийг агуулгатай аж. Энэ мэтийн шалтгаанаар төслийг 2013-2021 онд зогсоосон байна.
Тэгж байгаад 2021 оноос Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслөө дахин эхлүүлжээ. 2022 онд хайгуулын ажлаа дахин эхлүүлэх зөвшөөрлөө авснаар нутгийн иргэд ийн жагсаал, эсэргүүцэл дахин сэдрэв. Ингэснээр 2022 оноос дахиад л аймгийн Засаг дарга, төрийн зарим байгууллагын хяналт шалгалт эрчимжиж, тэр “үр дүн”-гээ өгснөөр 2023 оны есдүгээр сард тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх Засгийн газрын тогтоол болж хувирсан. Харин 2024 оны наймдугаар сарын 16-нд Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан холбогдох албаныханд хүргүүлсэн байна. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өөрөө “…Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх үндэслэл нь, аж үйлдвэрийн салбарын баримтлах бодлоготой нийцсэн. Үүссэн зөрчлийг арилгасан талаар Улсын байцаагчийн дүгнэлт гарсан” гэж тайлбарласан юм.
Гэсэн ч нутгийнхан “…Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй” гэж эсэргүүцэл илэрхийлж, улмаар төслийн талбайд эмх замбараагүй байдлыг үүсгэж, төслийн багийнхны 60 гаруй хүнийг гэмтээж, техник хэрэгслийг нь эвдсэн явдал гарав. Яг үүн дээр аймгийн Засаг дарга нь төслийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргажээ. Тэрээр тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүний “дэмжлэг”-тэйгээр уг захирамжийг гаргаснаа танилцуулсан байгаа юм.
Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК “…Үймээний үеэр төслийн талбайд үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж, гэмтсэн 66 ажилтан тэдний гэр бүлээс уучлал гуйж харамсаж буйгаа илэрхийлье. Олныг хамруулсан үймээнийг зохион байгуулсан, удирдсан, санхүүжүүлсэн байж болзошгүй этгээдүүд, ТББ-уудыг хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага тооцуулна. Халзан бүрэгтэй төсөл нь хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажил эхэлсэн. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгаа 2024 оны нэгдүгээр сард эхэлсэн, 2026 онд дуусгах төлөвлөгөөтэй” гэсэн. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “…Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлд ахиц гаргасан төсөл бол Халзан бүрэгтэй. Гэтэл энэ төслөө урантай холбоотой мэт буруу мэдээлэл түгээж, хайгуул судалгаагаа хийж байгаа компанийн эд хөрөнгө, хувь хүмүүсийн эрх ашигт халдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буруу гэж үзэж байна. Монгол Улс хуультай орон. Бид ямар нэгэн байдлаар байгалийн баялгийг ашиглахдаа Ашигт малтмалын тухай хууль, журмын дагуу хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг олгодог. Халзан бүрэгтэй төслийн баг, ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч компани ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй” гэв. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ч “…Энэ төслийг зогсоосон нь аймгийн Засаг даргын эрх хэмжээгээ хэтрүүллээ” гэсэн агуулгатай тайлбарыг хэлсэн. Ингээд байж байна.
Ер нь бол Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцээд байгаа нь урд хөршийн газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэл дэх давуу байдлаа хадгалах гэсэн сонирхол, бодлоготой холбогдоод л байгаа бололтой. Тодруулбал, Өвөрмонголын Баяннуур аймагт орших Баян-Овоогийн ховор элементийн орд дэлхийн нийт хэрэгцээний 80 шахам хувийг хангадаг юм байна. Тэд энэ давуу байдлаа удаан хадгалахыг хүсэж байгаа нь тодорхой юм. Нөөц нь ч их аж. Товчхондоо, XXI зууны туршид хангах стратегийн нөөц гэж үзэж болох юм. Тиймээс Баян-Овоогийн орд нь газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэл дээр өрсөлдөгчгүй ноёлох ёстой гэсэн үг. Гэтэл Монголын нэг компани газрын ховор элемент олборлоод эхлэх нь бизнесийн хувьд өрсөлдөөн үүсгэж, стратегийг нураах эрсдэлийг тэдэнд авчирна. Тэгээд ч тэдний зүгээс Халзан бүрэгтэйн тусгай зөвшөөрлийг авах гэж удаа дараагийн оролдлого хийж, шахалт үзүүлсэн байгаа юм. “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК үүнийг давж, боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлэхээр зорьсон. Тэгэхээр чулуу шидээд байгаа “гар” нь дээр хэлснээс нэг их хол зөрөхөөргүй л байна.
Эндээс юу үүсэж байна вэ гэхээр Монголын төр олон шаардлага тавьж, түүнийхээ хүрээнд олгосон тусгай зөвшөөрлөө хамгаалдаг байх ёстой юм. Тусгай зөвшөөрөл, тэр дундаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн эрх ашиг, үйл ажиллагаа нь эрхлэх боломжоор төр хангах тухай зүйл заалт холбогдох хуулиудад бараг алга. Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.1-т “…Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх эдэлнэ” гэж заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.6-д “…Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид нь эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар холбогдох хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй” гэсэн байна.
Тиймээс судлаачид, экспертүүд “…Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 64.1-д “…Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Өнөөдөр энэ заалт дахин өөрчлөгдсөн. Энэ заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “хуулиар олгогдсон эрх” гэсэн ойлголт нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг Ашигт малтмалын тухай хуульд заасан бусад үйлдлийг хамарч байгаа учраас гомдол гаргах хүрээ нь илүү өргөн байсан. Мөн гомдол хүлээн авах байгууллага нь “холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүх”-ийг хамарч байжээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн дагуу жил бүр хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангаж ажиллах үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн хайгуулын ажлын зардлын тайлангууд бодитой эсэх нь баталгаажаагүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 33.2, 33.3 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шалгах эрх, үүргийг Захиргааны байгууллагад олгосон. Захиргааны байгууллагаас дээрх үүргээ хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан зардал доод хэмжээндээ хүрээгүй гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалж, үүнтэй холбоотой хэрэг, маргаан Захиргааны хэргийн шүүхийн шатанд өөр, өөр байдлаар шийдвэрлэгдэж байна. Нарийвчилсан тодорхой зохицуулалт байхгүй учраас Засаг дарга нь шийдвэрийг өөрийн үзэмжээр гаргах, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд ямар нэгэн санал, болзол тавих, тулгах боломжийг бүрдүүлж байна” гэж дүгнэсэн нь ч бий.
Ийм л эрх зүйн тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөлд хөрөнгө оруулагчид уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхийг оролдож байна. Гэтэл Монголын төрөөс улс орны хөгжилд онцгой нөлөөтэй том төслүүдийг хэрэгжүүлэхээ зарлачихаад байдаг. Эдгээр төслүүдийн дийлэнх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжинэ. Гэтэл хөрөнгө оруулагчдад хандаж байгаа манай хандлага ийм байна. Хамгийн гол нь Монголын хөрөнгө оруулагч Монголдоо төсөл хэрэгжүүлэх гээд ойлголцохгүй байхад гадаадын хөрөнгө оруулагчид яах вэ. Ядахад газрын ховор элементийн олборлолт гэдэг утгаараа Халзан бүрэгтэйн төслийг дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гэхэд хилсдэхгүй. Иймээс “…Тусгай зөвшөөрлөө хамгаалж чадахгүй бол том төсөл ярих хэрэг байна уу” гэх асуултыг Монголын төр өөртөө тавих ёстой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: