“Moon Dance” хамтлаг ДАШТ-ээс ХҮРЭЛ медалт хүртлээ
2024 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д өрсөлдсөн Монголын “Moon Dance” хамтлаг хүрэл медаль, цомын эзэд боллоо.
“Moon Dance” хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн 10 дахь удаагаа ийнхүү тасралтгүй оролцож, сүүлийн гурван жилд мөнгөн, хошой хүрэл медаль хүртсэн амжилттай эхний 10 жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлжээ.
“Анх 2014 онд ДАШТ-нд тэмцээнд оролцогчийн дүрээр, дунд үедээ финалист буюу шилдэг зургаан хамтлагийн нэг болохыг зорьдог байсан бол одоо өөрсдийн хүндэлж, даган дуурайдаг байсан хамтлаг, тамирчидтайгаа дэлхийн тайзнаа эн тэнцүү өрсөлдөж байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэ бол бидний баг бүрэлдэхүүний чинхүү сэтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн билээ. Энэ амжилтын жимийг бүтээлцсэн үе үеийн тамирчид, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өмнөх жилийн гарааны тамирчид 60% шинэчлэгдэж, дараагийн үеээ бэлтгэсэн онцгой бүрэлдэхүүнтэй, нөгөө талаасаа айдастай байсныгаа юунд нуухав. Туршлагатай тамирчнийг шинэ залуу тамирчинтай хосууд болгосон. Талбай дээр байгаа 16 тамирчны 5 нь дунд сургуулийн сурагч. Эдгээр хүүхдүүд 8, 9 настайгаасаа хамтлагт бүжиглэхийг хүсэж мөрөөдөж, хичээл зүтгэл гаргаж, өөрсдийн ээлж, цаг хугацаагаа хүлээсэн. Сайхан түүх. Анх удаа дэлхийн тайзан дээр гарч үүргээ амжилттай биелүүлсэн залуу тамирчдаараа бахархаж байна. Энэ удаагийн үзүүлбэрийн хувьд Европын баг тамирчдаас ондоо, онцгой байсан гэдэгт итгэлтэй байна. Стандартыг эвдэхийг бид их хичээдэг, бүх зүйл хувьсан өөрчлөгдөх нь жам юм” хэмээн хамтлагийнхан өөрсдийн цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
ДАШТ-д оролцсон тус хамтлагийн:
Үзүүлбэрийн сэдэв: “Latin Roots”
Үүсгэн байгуулагч, дасгалжуулагч: О.Саранхүү
Ерөнхий дасгалжуулагч: О.Оюунбат
Багийн менежер: Н.Мөнхбаяр, О.Батням
Найруулга/Хөгжмийн найруулга/Бүжиг дэглэлт: Тон Гретен
Туслах дасгалжуулагч: Марк Бенжамин Фелбуш
Хувцасны дизайнер: О.Гэрэлтуяа
Багийн эмч: Ө.Оюунтөгс
Content maker: П.Энхтүвшин
URL: