“Тавантолгой түлш” компанийг нийслэлд авахаас өөр аргагүй
Хотын утаатай эн тэнцэх хэмжээний гамшигт асуудал бол нүүрсний хулгай, түүний эргэн тойронд буй асуудал. Сүүлдээ нүүсний хулгай нь “Тавантолгой түлш”-ээр ч дамждаг байж магадгүй хардлага яригдах болов. Магадлал бий. Харин “Тавантолгой түлш” компанийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжсэн сайхан мэдээ байна. Яагаад сайхан мэдээ гэж байгаа вэ гэхээр “Тавантолгой түлш” компани Хотын дарга Х.Нямбаатарын мэдэлд очиж байна. Түүний хувьд нүүрсний хулгай дэгдэж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан учраас тэр.
Нөгөө талаар авахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд 10 хувиар өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж, харин 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үйл ажиллагаа нь ийм байхад нийслэлд авахаас өөр яах вэ. Хотын дарга Х.Нямбаатар ч “Нүүрсний хулгай-2 илрэх вий” хэмээж байсан нь ч нэгийг хэлнэ.
Тэгэхээр “Таван толгой түлш” компанийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх цаг нь болсон. Нөгөө талаар айсуй 2025 онд нүүрс хэрэглэдэг газ руу шилжүүлэх ТЭЗҮ боловсруулах тендер зарлах гэж байна. Амжилттай болбол жил бүр гэр хорооллын бүсүүдэд 20.000-аас доошгүй айлыг газын хэрэглээнд шилжүүлэх тухай ярих болжээ. Тэртээ тэргүй ойрын хугацаанд оронсууцжуулж чадахгүй юм чинь газын хэрэглээнд шилжсэн нь дээр болов уу. Ингэснээрээ Хотын дарга Х.Нямбаатар “Нэг сумаар хоёр туулай буудах” гэж байна гэх яриа гарах болжээ. Тодотговол, Х.Нямбаатар өөрөө гардан ажиллаж байсны хувьд “Тавантолгой түлш” компанид болзошгүй нүүрсний хулгайг илрүүлэх, нүүрсний хэрэглээг газ руу шижүүлэх гээд хоёр ажлыг нэгэн тушаалаар гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулсан бололтой.
Үнэн хэрэгтээ манай улсын төсөв, эдийн засгийн хэтийн төлөв,бусад нөхцөл байдлаас харахад ойрын жилүүдэд гэр хорооллоо оронсууцжуулаад утаанаас салахгүй нь тодорхой. Маш ойлгомжтой асуудал. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатарын нүүрснээс газ руу шилжих төлөвлөгөө бол өнөөдөр олдох хамгийн сайн гарц гаргалгаа. Үүнээс өөр сонголт үгүй л болов уу.
Тухайлбал, орон нутгийн зам дагуу цайны газар болгонд Тавантолгойн сайжруулсан түлш байна. Яагаад тэр түлш тэнд байгаа юм бэ. Яагаад өнөөдрийг хүртэл нэг шуудай түлшний бодит өртгийг ил тод зарлахгүй байна вэ. Миний олж авсан мэдээллээр иргэдэд 3750 төгрөгөөр олгож байгаа нэг шуудай сайжруулсан шахмал түлшний бодит өртөг 20.800 төгрөг байна. Энэ зөрүүг татаас хэлбэрээр, татвар төлөгчдийн мөнгөөр хааж байна. Ийм алдагдалтай ажиллаж байж яагаад ажилчдадаа орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлэв, яагаад бүтцээ буруулахгүй байна вэ.
Удирдах зөвлөлөө оруулаад 1.850 хүнтэй ажиллах боломжтой байхад яагаад 2.080 хүнтэй ажиллаж байна вэ. Ийм алдагдалтай бизнес дэлхийд байхгүй. Яагаад энэ байдалдаа бодитой дүгнэлт хийж, өөрчлөлт хийгээгүй юм бэ гэх мэт асуудлыг Хотын дарга сөхөж байгааг буруутгах аргагүй. Хотын даргын хэлж байгаагаар бол 2025 оны зургадугаар сарын 1 гэхэд “Тавантолгой түлш” компанийн ажилчдын тоо 50 хувь бууруулах саналыг НИТХ-д танилцуулсан. Ажлаас чөлөөлөх хүмүүсийг дараагийн өөр ажилд шилжүүлэх ажлыг нийслэл өөрөө хариуцаж, шилжүүлнэ.
Тэгэхээр 2025 онд нүүрс хэрэглэдэг 20,000 өрхийг газ руу шилжүүлэх төслийг эхлүүлнэ. Одоо ТЭЗҮ-ийг хийж байна. Энэ амжилттай бол жил бүр 20,000 өрхийг газ руу шилжих шилжилтийг хийнэ.
Жил бүр танай компани 300 гаруй тэрбум төгрөгийн татаас олгож байгаа шиг 20,000 өрхөд өвлийн улиралд газ хэрэглэснийх нь төлөө Тавантолгой түлшинд олгодог татаасаас шилжүүлж өгнө. Сайжруулсан шахмал түлшийг яваандаа газ руу шилжүүлэх процессыг үе шаттай хийнэ. Өөрөөр хэлбэл, хатуу түлш үйлдвэрлэдэг бус шингэн түлш үйлдвэрлэдэг чиглэл рүү шилжүүлэх төслийн нэгж байгуулах саналыг гаргаж НИТХ дэмжсэн, одоо Засгийн газарт оруулна. Ирэх 2026 оны зургадугаар сарын 1-ыээс сайжруулсан шахмал түлшний тээвэр, агуулахаа борлуулагч өөрөө хариуцах юм байна. Хотын даргын ярьж байгаагаар түлшний технологийг сайжруулах төлөвлөгөө боловсруулсан аж.
URL: