Нийслэлийн ирэх оны төсөв болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр хураамжийг нэмэх тогтоолыг НИТХ баталжээ
2024 оны 12 дугаар сарын 2-нд болсон НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төсөл болон хамт дагалдуулж, өргөн барьсан авто тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 4-нд хийнэ гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдэгдэж байв.
Гэвч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахим хуудсаар уг хэлэлцүүлэг нийтэд нээлттэй явагдсангүй. Энэ талаар албаны эх сурвалжаас асуухад “НИТХ өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, төсвийг баталсан. Тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоол нь дагалдаж орсон учир батлагдаж байгаа” гэв.
Хотын дарга Х.Нямбаатар “Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор Нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан” гэж нийтэд танилцуулсан юм. Эх сурвалжаас лавласнаар уг тогтоолыг өнөөдөр баталсан байна.
Харин Төрийн аудитын газраас нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцуулахдаа “Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжууд байгаа”-г зөвлөж байсан юм.
URL: