Вьетнамын магнат Чуон Ми Лан 9 тэрбум ам.долларыг буцаан төлж чадвал цаазын ялаа хөнгөлүүлэх боломжтой
Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнат, 68 настай Чуон Ми Лан 44 тэрбум ам.долларын луйврыг зохион байгуулсан хэргээр цаазын ял сонсоод давж заалдаж буй. Шүүхээс түүнийг хуурамч компаниудаар дамжуулан “Saigon Commercial Bank”-аас 12 тэрбум ам.доллар завшсан гэж дүгнэсэн юм.
Тэгвэл Вьетнамын хуулийн дагуу хэрэв тэрбээр хохирлын 75 хувь буюу 9 тэрбум ам.долларыг буцаан төлж чадвал цаазын ялаа хөнгөлүүлэх боломжтой аж. Гэсэн хэдий ч хөрөнгийг нь шүүхээс битүүмжилснээр борлуулах үйл явцад хүндрэл учирч, шаардлагатай мөнгийг бүрдүүлэхэд хугацаа бага үлджээ.
Түүний өмгөөлөгчид шүүхээс цаазын ялыг бүх насаар хорих ялаар солихыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр хөрөнгөө борлуулах, нөхөн олговрыг бүрдүүлэхэд илүү их цаг хугацаа, уян хатан нөхцөл үүснэ гэж үзжээ.
Чуон Ми Лан Хо Ши Мин хотод төрж, бизнесийн гараагаа эхлүүлсэн. Тэрбээр анх ээжтэйгээ хамт гоо сайхны бүтээгдэхүүн борлуулж байсан бол эдийн засгийн шинэчлэлээс хойш үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулан амжилттай бизнес эрхэлж, томоохон бизнес эрхлэгч болжээ.
Шүүх хуралдааны үеэр тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо барагдуулахаа амласан. Гэвч Вьетнамын Засгийн газар түүний 1000 гаруй хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд тэдгээрийн дотор Хо Ши Мин хот дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд, бизнесийн хувьцаанууд багтжээ.
Тэрбээр эдгээр хөрөнгөө борлуулж, шаардлагатай 9 тэрбум ам.долларыг бүрдүүлэхийн тулд цаг хугацаатай уралдаж байна. Хэрэв давж заалдах хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болговол түүний амь насанд эрсдэл үүсэх юм.
Гэхдээ Вьетнамд цаазын ялыг гүйцэтгэх үйл явц ихэвчлэн удааширдаг тул Чуон Ми Ланд цаазаас зайлсхийх бага ч гэсэн хугацаа үлдэх магадлалтай гэж үзэж байна.
URL: