Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цэргийн төв эмнэлгийнхэнд хариуцлага тооцно
“Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн ДОХ-ын халдвартай байсан талаар мэдээлэл цацагдсан. Тус иргэн нь бөөрний диализ аппаратад орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэнэ. ДОХ-ын халдвар бэлгийн замаар болон цусаар дамждаг бөгөөд тухайн хүний цусыг сэлбэсэн аппарат залгуулсан иргэд халдвар авсан байж болзошгүй гэх ноцтой асуудал үүсээд байна. Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өгчээ.
Тэрбээр ”Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь үнэн. Хүнийг ямар нэг халдвартай эсэхээс нь үл шалтгаалж ялгаварлан гадуурхах ёсгүй. Тийм учраас тухайн үед эмнэлгээс тусламж, стандарт, норм журмын дагуу арга хэмжээ авсан. Тухайн иргэн 2024 оны аравдугаар сард Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Одоогоор ямар нэг байдлаар ДОХ-ын халдвар дамжсан гэх асуудал гараагүй. Элэгний В, С зэрэг ямар нэг вирусийн халдвартай иргэн диализийн аппаратад орох ёстой бол аппарат нь тусдаа байх журамтай байдаг. Энэ журмын дагуу эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх бодож байна.
Гэхдээ Цэргийн төв эмнэлэгт Эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газраас шалгалт хийж эхэлсэн. Эхний ээлжид иргэдэд ДОХ-ын халдвар тарсан эсэхийг тогтооно. Үүний дараа хаана, аль шатанд хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцно” гэлээ.
https://www.unuudur.mn/a/272450
URL: