Умардын гар урт

7d7b7efb1da25ebd0747d3869dbab3ef781cf8a4Алс дорнодын боомтоор дамжин оху-д ирсэн умард солонгосын цэргүүд украины эсрэг тулалдахаар бэлтгэл хангаж байгаа тухай мэдээлэл гарсан нь бараг хоёр сарын өмнөх явдал.

Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын эх сурвалжийн мэдээллээр Пёньянаас илгээсэн 11 мянган цэргийн эхний 3000 байлдагч Оросын армитай хамтарсан бэлтгэлээ базааж Курскийн хилийн хамгаалалтад хүчин зүтгэж буй аж. Украины армийн хэд хэдэн албан тушаалтны зүгээс цэргүүд нь Запорожье мужийн ойролцоох тулаанд умардын цөөн тооны дайчинтай халз тулгарсан тухай ярьдаг ч баттай нотлогдсон баримт үгүй.

Умардын гар урт

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн зун Пёньянд айлчилж, Умард Солонгостой иж бүрэн стратегийн түншлэл байгуулсныг Төрийн Дум, Холбооны зөвлөл энэ сарын эхээр соёрхон баталсан. “Хэрэв талуудын аль нэг нь нэг буюу хэд хэдэн улсын зэвсэгт халдлагын улмаас дайны байдалд орсон бол нөгөө тал нь бүх арга хэрэгслээр цэргийн тусламж үзүүлнэ” хэмээн уг гэрээнд зааснаар Умардын цэргүүд Орост ирсэн шалтгааныг Путин тайлбарладаг. Тэгвэл дэлхийн хамгийн цэрэгжсэн улс болох БНАСАУ-ын арми өмнө нь нутаг дэвсгэрээс гадуурх дайнд оролцож байлдааны туршлага хуримтлуулж байсан хэд хэдэн жишээ бий.

Украинд илгээх түмэн цэргээсээ өмнө Умард Солонгос Ази, Ойрхи Дорнод, Африк гээд дэлхийн өнцөг булан бүрд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөнд “хуруу дүрж”, тухайн цагийн холбоотон түншүүддээ цэргийн тусламж үзүүлж иржээ.

Умардын гар урт

Вьетнамын дайн

БНАСАУ анх удаа гаднын дайнд хөндлөнгөөс оролцсон нь 1966 онд эрх баригч Хөдөлмөрийн намын Вьетнамд цэргийн тусламж үзүүлэх шийдвэр байлаа. Арав хүрэхгүй жилийн өмнө Солонгосын хойгийн тулаанд Америкийн армийг ялсан Умард Солонгос социалист Вьетнамын төлөө дайснуудтайгаа эргэн учрах сонирхол дүүрэн байсан нь мэдээж. Улмаар 1967 оны эхээр Вьетнамд зэвсэг, сум, хоёр сая дүрэмт хувцас илгээж, Ханой хотын хамгаалалтад хүч хавсрах 200 нисгэгч Зөвлөлтийн МиГ-17, МиГ-21 сөнөөгч онгоцтойгоо очжээ. Хожим 1996 онд АНУ-ын Батлан хамгаалах яам Тонкины буланд халз тулсан сөнөөгч онгоцнуудыг Пёньян нийлүүлсэн гэдгийг баттай баримтаар тогтоосон бол Вьетнам бүр 2001 онд Умард Солонгосоос галын дэмжлэг авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Вьетнамын дайнд коммунистуудын талд тулалдан амь үрэгдсэн 12 нисгэгчийн шарилыг Бак Гианг мужаас БНАСАУ руу зөөвөрлөсөн ч дайны дурсгалын цогцолборыг хэвээр үлдээжээ.

Умардын гар урт

Ойрхи Дорнодын хямралд

БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен Израилийг ямагт “Америкийн дагуул” хэмээн нүд үзүүрлэж, 1960-аад оноос еврейн улсын дайснуудад дэмжлэг үзүүлж ирсэн. Пёньяны зүгээс Египет, Сири улстай албан ёсоор, Палестиныг чөлөөлөх байгууллага болон бусад радикал бүлэглэлтэй албан бусаар хамтран ажиллаж, зэвсэгт дайчдыг нь сургаж, зэр зэвсгээр хангадаг байсан юм. Гэхдээ Умард Солонгосын арми Ойрхи Дорнодын мөргөлдөөнд шууд оролцсон нь 1973 он.

1972 оны долоодугаар сарын 18-нд Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат Зөвлөлтийн бүх цэргийн албан хаагчдыг тус улсаас гаргаж, баазуудыг нь улсын мэдэлд шилжүүлэх тушаал гаргажээ. Тухайн цагт Зөвлөлт Холбоот Улс Израилийн гол холбоотон АНУ-тай шууд зөрчилдөхөөс зайлсхийн Египет дэх зэвсгийн хэрэглээндээ хязгаарлалт тавьсан нь Анвар Садатын эгдүүцлийг төрүүлсэн хэрэг. Зөвлөлтийн цэргийн зөвлөх, нисгэгч, техникийн ажилтнууд нь нутаг буцсаны дараа МиГ-21 онгоцоор нисэх хүчнээ бүрдүүлсэн Египет мухардалд орлоо. Ингээд 1973 оны зургаадугаар сард Садат Зөвлөлтийн сөнөөгч онгоцнуудыг гойд эзэмшсэн БНАСАУ-ын зөвлөхүүдийг Египетэд урьжээ. Умард Солонгос нийтдээ 1500 мэргэжилтнээ Египетэд илгээж, зенитийн пуужингийн системд үйлчилгээ үзүүлжээ. Араб Израилийн дайны үеэр туршлагатай 20 нисгэгч нь Египетийн агаарын хүчинд тулалдав. Израилийн агаарын командлагч Биньямин Пеледийн хожим өгсөн мэдээллээр 1973 оны дайнд солонгос нисгэгчтэй Египетийн хоёр онгоцыг сөнөөж байжээ.

Умардын гар урт

Иран-Иракийн дайн

1979 онд Исламын хувьсгал ялсны дараа Ким Ир Сен Ираны шинэ удирдлагатай харилцаагаа сайжруулахыг хичээх болсон. АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, 1980 онд Иракийн цэргүүд тус улсад нэвтэрсний дараа зэвсгийн хориг улам чангарав. Энэ сиймхийгээр Умард Солонгос хориг арга хэмжээг тойрон Иранд зэвсэг нийлүүлж эхэлсэн бөгөөд пуужин харвагчтай хамт 100 орчим цэргээ Исламын бүгд найрамдах улсад илгээжээ. Иран Иракийн мөргөлдөөн дууссаны дараах 1990-ээд оны эхэн үе буюу БНАСАУ-д эдийн засгийн хямрал нүүрлэх хүртэл хоёр орны цэргийн хамтын ажиллагаа эрчимтэй өрнөсөн юм.

Умардын гар урт

Африкт мөрөө үлдээв

Хүйтэн дайны ид оргил үед БНАСАУ Африкийн орнуудын улс төрд оролцох хангалттай нөөцтэй байсан. Умардын цэргийн зөвлөхүүд Баруун Сахарын салан тусгаарлагчдын фронтод туслаж, Ангол, Намиби дахь босогчдыг сургаж явсан түүхтэй.

1970-аад онд Пёньяны зүгээс Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Франсиско Нгуэма, Угандагийн удирдагч Иди Амин зэрэг цуутай дарангуйлагчидтай гүн бат харилцаа тогтоожээ. Нгуэма Умардын удирдагч Ким Ир Сенийг бишрэн шүтдэгээ илэрхийлж хамгаалалтын ажилтнуудаа солонгос зөвлөхүүдээр сургадаг байв. Мөн баруун өмнөд Африк дахь босогчдод хүргэх Солонгосын зэвсгийн нийлүүлэлтийг Экваторын Гвинейгээр дамжих ногоон гэрэл асааж өгчээ. 1979 оны цэргийн эргэлтээр суудлаасаа буусан дарангуйлагч улсынхаа валютын нөөцийг хоёр чемоданд дүүргэж аваад гэр бүлийн хамт БНАСАУ руу зугтсан гэдэг.

Иди Амины дэглэм нуран унасны дараа ч Умард Солонгос Уганда улс тун ойрын харилцаатай байсан. Тэнд БНАСАУ-ын тусламжаар цэргийн үйлдвэр барьсан нь Умардын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авсан үед ч хэдэн арван жил амжилттай ажиллаж иржээ. 2007 онд Уганда улсын армид нисгэгч, техникийн боловсон хүчин бэлтгэх гэрээнд гарын үсэг зурснаар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа илүү өргөжив. Гэвч 2016 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс улс орнуудыг БНАСАУ-ын зааварлагч, албан тушаалтныг цагдаа, хагас цэрэгжүүлсэн болон цэргийн албан хаагчдыг сургахад ашиглахыг шууд хориглох тогтоол баталснаар Уганда солонгос зөвлөхүүдээ үдэн гаргажээ.

Умардын гар урт

БНАСАУ-ын армийн хүчин чадал

БНАСАУ-ын цэргийн төсөв ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцдэг. “Солонгосын Ардын цэрэг” нэртэй байнгын арми нь 1.2 сая хүнтэй бол дайчилгааны нөөц нь 7.7 сая. Үүнээс гадна ардын цэрэг хэмээн нэрлэгддэг ажилчин тариачид, оюутан залуусын хагас цэрэгжсэн бүлгийн 1.5 сая хүнийг онцгой нөхцөлд дайчлах боломжтой.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


URL: