Хуурамч архи, шар айраг ууснаас болж нас баржээ

673f95815d53f.image_Зүүн өмнөд Азид аяллаар явж байсан зургаан хүн метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байна. Тодруулбал, Лаосын хамгийн алдартай, үүргэвчтэй аялал хийхэд тохирсон Ванг Виенг хотод өнгөрсөн долоо хоногт Их Британийн нэг, АНУ-ын хоёр, Австралийн нэг жуулчин хордож нас баржээ.

Албаныхны мэдээлснээр, эдгээр хүмүүс бохирдсон согтууруулах ундаа, ялангуяа метанол агуулсан хуурамч бүтээгдэхүүн ашигласан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм.

Тиймээс аяллаар явж байгаа болон орон нутгийн иргэдэд шөнийн цагаар хямд зарж буй согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөөд байжээ. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 настай хоёр жуулчин мөн адил уг метанол агуулсан согтууруулах ундаа ашигласны улмаас хордсон хэрэг гарсан. Холли Боулз, Бианка Жонс нар Ванг Виенг хотод аяллаар явж байсан бөгөөд тэднийг буудлын өрөөндөө ухаан алдсан гэх дуудлагын дагуу цагдаагийн ажилчид орон нутгийн эмнэлгийн байгууллагат хүргэсэн байна. Харамсалтай нь Бианка Жонс тухайн өдрөө нас барсан бол Холли Боулзын биеийн байдал маш хүнд байгаа аж.

Эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглээд нас барсан хохирогчдын тоо зургаа болсон тул цагдаагийн байгууллагыг хэн, хаана ямар аргаар эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгааг олж тогтоохыг даалгажээ. Мөн Их Британи, АНУ, Дани зэрэг хэд хэдэн орны Гадаад хэргийн яамнаас Лаос руу аяллаар явах төлөвлөгөөтэй байгаа иргэддээ анхааруулга өгсөн байна.

Эдгээр хохирогчдын буудаллаж байсан болон шөнийн цагаар орсон паб, хоолны газруудад цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөн тухайн газруудын ажиллуулдаг захирал, менежерүүдийг баривчилсан байгаа ч ямар нэгэн хэрэгт буруутгаагүй байгаа аж. Лаос нь зүүн өмнөд Азийн хамгийн ядуу орнуудын нэг билээ. “Covid-19″ гарснаас хойш тус улсын инфляцын түвшин өмнө нь байгаагүй хэмжээнд нэмэгдсэн байдаг. Одоогоор аялал жуулчлалын салбар нь хамгийн эрэлттэй, гол санхүүгийн эх үүсвэр болж байгаа тул хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс хуурамч бүтээгдэхүүн зарж байна гэж ажиглагчид үзэж буй.

МЕТАНОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Метанол нь будаг шингэлэгч, антифриз, түлш, будагч бодис, бэх зэрэг цэвэрлэгээний болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгддэг архины нэг төрөл юм. Согтууруулах ундааны этилийн спирттэй адил метанол нь тунгалаг, өнгөгүй бодис боловч хүн 30 миллилитр уусан тохиолдолд үхэх аюултай хортой бодис юм. Метанолын хордлогын тохиолдлыг дэлхий даяар хянадаг Хил хязгааргүй эмч нарын эрүүл мэндийн буяны байгууллагын мэдээлснээр, эмчлэхгүй бол метанолын концентраци болон уусан хэмжээ зэргээс шалтгаалан нас баралтын түвшин 20-40 хувь байдаг.

Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, нүд сохрох, эрхтний дутагдал, тархины гэмтэл зэрэг шинж тэмдгүүд илрэх хүртэл 24 цаг зарцуулдаг.

Түргэн хугацаанд эмчилж чадвал метанолын хордлогын зарим үр дагаврыг бууруулж чадна. Сүүлийн үед уг бодисоор хордсон нас баралт нэмэгдэж буй нь метанолыг санамсаргүйгээр шар айраг исгэх үед эсвэл зориудаар нэмсэн байж болзошгүйтэй холбоотой юм. Жил бүр олон мянган хүн метанолын хордлогод өртдөг бөгөөд Ази тивд ихэнх тохиолдол нь хууль бусаар хийсэн архи эсвэл гар аргаар нэрсэн архи ууснаас үүдэлтэй байдаг. Зүүн өмнөд Азийн олон улс оронд аюулгүй байдлын стандарт бага, хууль тогтоомжийн хэрэгжилт муу, цагдаагийн авлига өндөр байдаг учир энэ төрлийн хэрэг хамгийн их гардаг аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN


URL: