Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Таван толгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв

7bdaf2abadd86d21fcb0c2588f7f9825Монголчуудыг төдийгөөс өдийг хүртэл болон цаашид ч тэжээх гол эх үүсвэр бол Таван толгойн нүүрсний орд газар. Нүүрс хэдий хэмжээгээр Хятад руу экспортлогдоно, тэр чинээгээр Монгол Улсын эдийн засаг нэмэгддэг.

Нүүрсээ бид өндөр үнээр өгвөл бүр ч илүү ашигтай. Үүнийг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх. Нэг талдаа Монгол Улсын хувьд маш ойлгомжтой атлаа цомхон эдийн засагтай орон гэж хэлж болохоор. Нөгөө талдаа ойрын он жилүүдэд энэ байдлаараа явж байж хөгжлийнхөө шинэ гарц, боломжуудыг нээнэ. Тиймээс манай улсын хувьд эдийн засаг, том төслүүдээ бодсон ч нүүрсний үнэ ханш тогтвортой байгаа энэ хугацаанд аль болох их хэмжээгээр экспортлох нь чухал. Их хэмжээгээр нүүрсээ гаргахын тулд бидэнд төмөр замын тээвэр хэрэгтэй. Гэтэл яг энэхүү төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудлаар монголчууд сүүлийн 16 жил улстөржсөн.

Өөрөөр хэлбэл, төмөр зам барихдаа нарийн царигаар уу, өргөн царигаар уу гэж. Харин яг одооноос царигийн асуудал өргөн цариг

тай байхаар эцэслэгдлээ. Тиймээс аль ч боомтод төмөр зам өргөн царигтайгаар тулж очоод Хятадын нарийн цариг бүхий төмөр замтай холболт хийгдэхээр болж байна. Тиймээс царигийн асуудал 16 жилийн дараа шийдэгдлээ. Одоо тэгвэл төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлуудыг яаж хийх вэ. Үүнд мэдээж маш их хөрөнгө шаардагдана. Хамтарсан Засгийн газраас 14 мега төсөл эхлүүлэхээр УИХ-аар батлуулчихсан. Эдгээр том төслүүдийг эхлүүлэхийн тулд мөн л асар их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тэрхүү хөрөнгөө бид нүүрсээ одоо байгаагаасаа илүү ихээр экспортолж байж л олно. Ингээд том төслүүдийн эхний асуудал төмөр замын хил холболт болсон. Яг энэ үеэр манай улстай олон жил нүүрсний борлуулалт дээр хамтарч ажиллаж байгаа Хятадын томоохон компани “Чайна Энержи”-ээс бидэнд дахин санал тавилаа. Дахин нэг гэдэг нь тус компанитай Монгол Улс өмнө буюу 2015 онд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг барих томоохон гэрээ байгуулж байсан.

Харамсалтай нь тухайн үед цариг, дээрээс нь хил холболтын цэг зөрсөнөөс үүдэн уг бүтээн байгуулалтын ажил Хятадын талд хийгдсэн атлаа манай талд гацсан. Өөрөөр хэлбэл, бид гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зориудаар холболтын цэгийг нь зөрүүлсэн. Түүнээс хойш олон жилийн дараа Хятадын талаас дахин санал ирүүлж байгаа нь энэ. Одоогийн ирүүлсэн санал нь маш тодорхой байна. Нэгдүгээрт, өмнөх алдагдлаа бид нэхэмжлэхгүй ээ гэж. Хоёрдугаарт, танайхтай урт хугацааны гэрээ байгуулаад жилд 20 тонноос дээш нүүрс импортолж авъя гэж байна. Гуравдугаарт, нүүрсээ авахдаа төмөр замаар зөөнө. Тиймээс Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг бид буюу “Чайна Энержи” компани хийе гэдэг саналаа тодорхой ирүүлж. Өөр нэг зүйл бол манай Таван толгойн нүүрсний бүлэг орд газраас хоёр цооногийг нь сонгон авч нүүрсээ тэд өөрсдөө олборлоно гэлээ. Эдийн засагчдын хэлж байгаагаар энэ бол маш ашигтай санал аж.

Таван толгойн орд газрын хувьд нийт долоон орд газраас бүрддэг. Үүний тав нь үндсэн орд газар гэж үздэг. Тэрхүү таван орд газрын гурвыг нь төр, хоёрыг нь хувийн компаниуд эзэмшиж байна.

Тодорхой хэлбэл, Ухаа худгийг “Энержи ресурс”, Бортээгийг “Админерал” ХХК тэргүүтэй дөрвөн компани түншлэл болон эзэмшдэг бол баруун, зүүн Цанхийг “Эрдэнэс Таван толгой” буюу төр дийлэнх хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь орон нутгийн Таван толгой буюу “Таван толгой транс” компани тус тус эзэмшиж байгаа юм. Дээрхээс гар хүрээгүй төрийн мэдлийн хоёр орд руу “Чайна Энержи” орох хүсэлтэй байгаагаа ирүүлсэн захидалдаа тодорхой хэлж. Ингээд тухайн компани эхлээд төмөр замын хил холболтын ажлаа хийнэ. Дараа нь түүгээрээ гар хүрээгүй байгаа шинэ орд газраас нүүрс олборлоно. Улмаар жилд 20 сая тонн нүүрс авъя гэж байна. Үүнийг тоогоор илэрхийлбэл яг одоо биржээр зарагдаж байгаа сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 150 орчим ам.долларын үнэтэй байна. Тус үнээр 20 сая тонн нүүрсийг жил болгон авна гэж үзвэл дунджаар 2.9 тэрбум гаруй ам.доллар Монгол Улс руу орж ирнэ гэсэн үг. Бидэнд бол маш их мөнгө.

Нөгөө Засгийн газрын зарласан 14 мега төслийг эхлүүлэхэд хангалттай хэмжээний хөрөнгө. Тиймээс монголчуудын хувьд уг саналаас татгалзах, эсвэл улс төр хийж унагах шаардлага, шалтгаан огт харагдахгүй байна. Гэвч монголчууд л болсон хойно ийм том эрх ашиг дээр улстөржиж л таарна. Нөгөө талд нь бас эрх ашиг нь хөндөгдөх бизнесийнхэн чимээгүй сууж чадахгүй. Энэ хоёр нийлээд ард түмний тархийг яаж ч угааж мэднэ. Угаагаад ч эхэлчихсэн байна. Нөгөө л ярьдгаараа хятадууд манай улс руу орж ирж байгалийн баялгийг дураараа зөөх гэж байна гэдэг суртал ухуулгаа хэдийнэ эхэлчихэж. Тиймээс энэ улс төр, бизнесийнхнийг давж уг ажлыг хамтарсан Засгийн газар зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй. Улс төр, бизнесийн бүлгийн өөрт ашигтай улс төржилтөөс болж Монгол Улсын хөгжил хэдэн арван жилээр хоцорсон. Хөгжье, том төслүүдээ эхлүүлье, баялгаа их хэмжээгээр экспортолж, эдийн засгаа тэлье гэхээр улс төр, бизнесийн хамтарсан бүлгийн хамаарал бүхий этгээдүүд эхнээсээ дуугарч эхэлдэг.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд өөрсдөө төмөр замын хил холболтын ажлаа хийгээд, хөндөгдөөгүй байгаа нүүрсний хоёр орд газар дээрээ уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд ил болон гүний уурхайг байгуулж, гарсан бүтээгдэхүүнээ ангилаад экспортолно гэдэг “Мянгуужин”-ийн үлгэр болно. Тиймээс монголчууд бид үлгэрт итгэж хөгжлөө мөрөөдөж суухаар бэлэн орж ирж байгаа энэ том хөрөнгө оруулалтыг дэмжих нь зөв. Дэмжиж байж том төслүүдээ хөдөлгөнө. Том төслүүд хөдөлж эхэлбэл Монгол Улс өөрсдөө томоохон бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрээ барих хөрөнгө, хүч, туршлагатай болно. Эцсийн дүндээ улс орны эдийн засаг хоёр дахин тэлснээр та бидний гар дээр авч байгаа цалин хоёр дахин өснө гэсэн үг. Хамгийн гол нь “Чайна Энержи”-ээс орж ирэх хөрөнгөөр энэ Засгийн газар зарласан том төслүүдээ хөдөлгөх боломжтой болно. Өөрөөр эдгээр том төслүүдийг хөдөлгөх хөрөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс нийгэмд 14 мега төслийг эхлүүлэх хөрөнгө нь тодорхой биш болохоор хоосон яриа мэтээр шүүмжлэх нь их байсан. Тэгэхээр том төслүүдээ хөдөлгөх хөрөнгөө энэ Засгийн газар олчихоод байна гэсэн үг.

Харин бид түүнийг нь улстөржүүлээд гацаах уу. Дахиад улсынхаа хөгжлийг хорь, гучин жилээр нэмж хоцроох уу. Эсвэл хөгжлийн амь тариа болсон нүүрсээ богино хугацаанд их хэмжээгээр экспортолж, дараагийн том хөгжлийн сууриа тавих уу гэдгээ ард түмэн бодох хэрэгтэй. Манайх шиг энэ эрин цагт түгжрэлтэй, утаатай, авлигалтай байгаа улс орон дэлхийд өдөр ирэх тусам улам цөөрсөөр байна. Түгжрэл, утаагаа 20 жил ярьж байгаа улс орон дэлхийд ганцхан Монгол. Эдгээр том асуудлыг шийдэхийн тулд асар их мөнгө л хэрэгтэй. Харин тэрхүү хөрөнгийг босгох Монгол Улсын цор ганц боломж бол одоохондоо ердөө нүүрс. Яваандаа өөрсдөө нефтиэ хийчихвэл, уран олборлоод зарчихвал бас ч гэж хэдэн төгрөгтөй болж болох юм. Тэгэхээр нүүрсээ их хэмжээгээр экспортлох болон мухар төмөр замуудынхаа холболтыг хийлгэх энэ боломжийг бид хоосон улстөржилтөөс болоод устгах шаардлага үнэндээ алга байна шүү.

Э.МӨНХТҮВШИН


URL: