Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хувьд УИХ-ыг “урхи”-наас гаргалаа

Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хувьд УИХ-ыг “урхи”-наас гаргалааБ.ГАРЬД

Хоригтой долоо хоног өнгөрлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын баталсан 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавив.

Тэрээр “…УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлээгүй байна. Мөн УИХ 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй айхад тодотгол хийхээр “2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийг зөрчих нөхцөл бий болгосон. Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн хориг тавьсан үндэслэлээ танилцуулжээ.

Ер нь бол УИХ-аар 2025 оны улсын төсвийг батлахтай зэрэгцээд л Ерөнхийлөгч төсөвт хориг тавихгүй бол болохооргүй улс төрийн нөхцөл үүсчихсэн юм.

Учир нь ирэх оны төсвийг энэ сарын 8-нд баталсан. Гэтэл ингэхдээ Ерөнхийлөгчийн үндэслэл болгосон 2025 оны төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газарт даалгасан тогтоол гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна” гэсэн. Чухамдаа энэ үнэхээр алдаа болсон юм. Уг нь, УИХ-ын нэр бүхий гишүүд төсвийн эхний хэлэлцүүлгийн үед тодорхой яриагүй саналуудыг батлах үеэр чуулганы танхим болон олон нийтэд хандсан индрүүдэд гарч илэрхийлсэн. Төсөв тойрсон нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өөр эрх ашгаар ил, далд хөөрөгдсөн хүмүүс ч бий. Тэр нь УИХ дээрх тогтоолыг гаргахад хөшүүрэг болчихсон.

Явсаар 2025 оны улсын төсвийн жил эхлээгүй байхад тодотгол хийх тухай тогтоол баталсан нь эрх зүйн маргааныг дэгдээж орхисон. УИХ-ын энэ шийдвэр Үндсэн хуулийн Цэцэд очвол өчиггүй унах нь ойлгомжтой болсон. Тэр утгаараа, түүнээс өмнө үүнийг засах хамгийн зөв гарц нь Ерөнхийлөгчийн хориг болж таарсан. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 14-ний өдөр Сангийн яам дээр очоод “…2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстой. Манай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстой” гэсэн.

Ингээд Ерөнхийлөгч 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, УИХ, Засгийн газар ямар ч эсэргүүцэлгүйгээр хүлээж авав. Тэр байтугай “…Ерөнхийлөгч хориг тавилаа” гэж ЕТГ-ын дарга Г.Занданшатар зарлаад

цаг болоогүй байхад Сангийн сайд Б.Жавхлан хоригийг хэрхэн биелүүлэхээ танилцуулсан юм. Тэрээр “…Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал байна. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг. Үүнд Засгийн газар бэлтгэлтэй байгаа. Тооцооллуудаа эхнээс нь хийж байна. Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, нааштай өөрчлөлтүүдийг хийх тал дээр санаачилгатай ажиллана.

Ирэх жилийн төсвийн орлого талдаа эрсдэл яригдаагүй. Зардал талдаа асуудал байгаа учраас эхлээд хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хасалт хийнэ. Хамгийн сүүлд урсгал зардал руу ордог. Тэгэхээр 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын таналт хийх замаар алдагдалгүй төсөв батална. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарна.” гэсэн юм. УИХ-ын гишүүд ч “…Маш зөв” гээд хүлээгээд авчихлаа.

Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг төсөвтэй хамт тодотгол хийх тогтоол баталж, эрх зүйн “урхи”-нд орчихоод байсан УИХ-д улс төрийн хувьд УИХ-д гарц нээж өглөө.

Ер нь бол “…Энэ бүхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тойргоос сонгогдсон гишүүддээ мөнгө тавиагүйтэй холбоотой” гэдгийг хаана хаанаа ойлгож аваад хоцорлоо. Тэрээр “гишүүдийн таван тэрбум” ч билүү, тэр мөнгийг нь төсөвт суулгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэсэн үг.

Улс төрийн талаасаа ингээд Ерөнхийлөгчийн хоригоор “залруулга” хийчихлээ. Харин эдийн засаг талаасаа бол зарим нөхдийн анхнаасаа улсын төсвөөр улс төр хийсэн нь буруудаж таарах бололтой. Эдийн засгийн шинжээчид “..Хөрөнгө оруулалтын хурд саарч, зах зээл хумигдана” гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: