T-Ara хамтлагийн гишүүн Жи Ён гэрлэлтээ цуцлуулжээ
T-Ara хамтлагийн гишүүн Жи Ён болон бейсболын тамирчин Хван Жэ Гён нарын гэрлэлт эвлэрүүлэн зуучлуулах шатандаа явж байсан талаар БНСУ-ын хэвлэлээр цацагдаж байсан юм. Гэтэл тус эвлэрүүлэн зуучлах хугацаа дуусч, хосууд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж байгаа талаар мэдээлж эхэллээ.
Newsis агентлагын мэдээлснээр тэд энэ сарын 20-ны өдөр эд хөрөнгөө хэрхэн хуваах болон бусад асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Шүүх хуралд тэдний өмгөөлөгчид л оролцсон бөгөөд олон нийтийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулахын тулд ийнхүү төлөөлөгчдөөрөө дамжуулан шүүхийн шийдвэр хүлээн авчээ.
Жи Ёны өмгөөлөгч өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ “Хоёр тал санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүй тул тусдаа амьдарч, улмаар салахаар тохиролцон, шүүхэд салах өргөдлөө өгсөн” хэмээсэн юм.
Тэд 2022 оны хоёрдугаар сард хуримаа хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд зарлаж, тухайн ондоо багтаж дуулиан, шуугиантай хуримын ёслолоо хийсэн билээ.
URL: