Исландын нийслэлтэй ойр байдаг галт уул гурван жилд арван удаа дэлбэрлээ
Исландын нийслэл Рейкьявиктэй ойролцоо оршдог галт уул лхагва гарагт /2024.11.20/ сүүлийн гурван жилд арав дахь удаагаа дэлбэрсэн талаар тус улсын цаг уурын алба мэдээлжээ. 400 мянга гаруй хүн амьдардаг тус улс нь Еврази, Хойд Америкийн тектоникийн хавтангийн хооронд оршдог. Ийм учир Исландад гейзер, халуун усны булаг, галт уул их байдаг юм.
Магма газар доор хуримтлагдаж байгаа тул Рейкьявикээс баруун өмнө зүгт 30 км зайтай байрладаг Рейкьянесийн хойгт галт уулын идэвхжил ажиглагдаж болзошгүйг албаныхан анхааруулжээ. Рейкьянесийн хойг дахь галт уулын дэлбэрэлт нь одоогийн байдлаар нийслэлд шууд нөлөө үзүүлээгүй байна. Мөн их хэмжээний үнс агаар мандал руу цацаагүй тул агаарын тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүй гэж албаныхан мэдээлжээ.
800 гаруй жилийн турш идэвхгүй байсан Рейкьянес бүс 2021 онд дахин идэвхжиж түүнээс хойш дэлбэрэх давтамж нь нэмэгдэх болсон. Лхагва гарагийн дэлбэрэлтийг оруулаад энэ онд тус бүсэд зургаан дэлбэрэлт бүртгэгдэв. Дэлбэрэлттэй ойрхон оршдог 4 мянга гаруй хүн оршин суудаг Гриндавик тосгон руу лава урсаж орж ирсэн тул өнгөрсөн арванхоёрдугаар сард хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL: