Улс тунхагласны түүхт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнана

bf62616853419fab59bd404044bb95dbАнхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13:30 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -ийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль” болон 10 сая төгрөгийн бай гардах юм.

Мөн Улсын Их Хурал (УИХ)-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.

Монгол Бөхийн Өргөөнд болдог уламжлалт барилдааны нэгд тооцогдох тус барилдаанд 2001 оноос хойш хамгийн олон түрүүлсэн бөх улсын аварга Ч.Санжаадамба.

Тэрбээр 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан бол түүнээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд өнгөлжээ.

Түүнчлэн дархан аварга Г.Өсөхбаяр (2005, 2007), улсын гарди И.Доржсамбуу (2004, 2008), улсын аварга П.Бүрэнтөгс (2012, 2022) нар тус бүр хоёр түрүүлж байв.

2001 оноос хойш түрүүлсэн бөхчүүд:

  • 2001 – улсын заан Д.Сумъяабазар
  • 2002 – улсын аварга А.Сүхбат
  • 2004 – улсын заан И.Доржсамбуу
  • 2005 – далай аварга Г.Өсөхбаяр
  • 2006 – улсын арслан Д.Азжаргал
  • 2007 – далай аварга Г.Өсөхбаяр
  • 2008 – улсын гарди И.Доржсамбуу
  • 2010 – цэргийн арслан Ч.Санжаадамба
  • 2011 – улсын гарди Н.Ганбаатар
  • 2012 – улсын арслан П.Бүрэнтөгс
  • 2013 – улсын заан Ч.Санжаадамба
  • 2014 – улсын аварга С.Мөнхбат
  • 2015 – улсын заан Ч.Санжаадамба
  • 2016 – улсын аварга Ч.Санжаадамба
  • 2017 – улсын аварга Ч.Санжаадамба
  • 2018 – улсын гарди Б.Гончигдамба
  • 2019 – улсын начин Н.Баярбаатар
  • 2021 – улсын харцага Б.Орхонбаяр
  • 2022 – улсын аварга П.Бүрэнтөгс
  • 2023 – улсын заан Б.Бат-Өлзий

URL: