Орлогоо тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтан шалгуулж байна

483269f45cab6ce8bef01bfc19be2d8a07238c15Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнөөдрийн байдлаар төрийн албаны эрх бүхий 27 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйгээсээ болж шалгуулж байгаа аж. Тэднийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм байна. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх мэдэгдээд байна.

Жил бүр АТГ нь албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлэг/ХОМ/ авдаг. Ингэхдээ хөрөнгө орлогыг нь он, оноор харьцуулан хянан шалгадаг. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мөрөөр нарийвчлан  шалгадаг. 2024 он гарсаар эхний арван  сарын байдлаар 280 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаснаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ.

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 46 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх арга хэмжээг тооцуулсан байна.


URL: