АНУ-д орон сууц худалдаж авахын тулд жилийн ₮367 саяын орлоготой байх шаардлагатай
АНУ-ын ихэнх хотод орон сууц худалдан авахын тулд маш өндөр цалинтай байх шаардлагатай болжээ. Оксфордын Эдийн засгийн судалгааны байгууллагын шинэ тайланд дурдсанаар, энэ оны гуравдугаар улиралд АНУ-д аливаа бүл нэг айлын орон сууц худалдан авч, татвар, даатгалын зардлыг төлөхийн тулд жилийн орлого 107,700 ам.доллар (одоогийн ханшаар 367 сая төгрөг) байх хэрэгтэй болсон аж. Харьцуулбал 2019 онд шинэ байшин худалдан авахын тул 56,800 ам.долларын жилийн орлоготой байх шаардлагатай байснаас хоёр дахин их өсжээ. АНУ-ын Хөдөлмөр, статистикийн товчооны хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг харвал жилийн дундаж орлого 68,124 ам.доллар байгаа аж.
Тус тайлан АНУ-ын иргэд шинэ байшин худалдаж авах боломж хэцүү болсныг харуулж байна. Энэ жилийн гуравдугаар улиралд АНУ-ын буй нийт өрхийн зөвхөн 36 хувь нь шинэ байшин авахад хангалттай орлоготой байсан бол 2019 онд энэ хувь 59 хувь байсан юм.
Гэвч өнөөгийн нөхцөл байдал таван жилийн өмнөхөөс тэс өөр болжээ. 2020 онд цар тахал дэлхийн эдийн засагт, ялангуяа орон сууцны зах зээлд их нөлөөлсөн. Цар тахлын улмаас олон америкчууд илүү том зайтай орон сууц хайж нүүж эхэлсэн юм. АНУ-д орон сууцны хомсдолтой хавсран эрэлт нэмэгдсэн өрсөлдөөнийг бий болгож, хот сууринуудад байшингийн үнэ огцом өсөхөд нөлөөлжээ.
Тайланд дурдсанаар АНУ-ын бүх хотод орон сууцны үнэ өссөн ч байршлаас шалтгаалж өөр хэвээр байгаа юм. Орон сууц худалдаж авахад хамгийн үнэтнэ хот нь Калифорни мужийн Сан Хосэ байна. Тодруулбал 2024 оны гуравдугаар улиралд тус хотод орон сууцны дундаж үнэ 1.89 сая доллар (6.4 тэрбум төгрөг), орон сууц худалдан авахад шаардлагатай орлого 461,000 доллар (1.5 тэрбум төгрөг) болжээ. Сан Франциско, Лос Анжелес, Сан Диего зэрэг бусад Калифорнийн хотууд ч хамгийн үнэтэй хотуудын тоонд орсон байна.
Харин хамгийн боломжийн үнэтэй хотууд нь голчлон АНУ-ын дундад баруун бүс нутагт орших Кливленд, Луивилл, Детройт болон Сент Луис зэрэг хотууд байгаа юм. Эдгээр хотуудад орон сууц худалдан авахад шаардагдах орлого 64,600-75,300 долларын (220-250 cая) хооронд байжээ.
Оксфордын Эдийн засгийн судалгааны байгууллага орон сууцны үнэ орлогын 28 хувийг давсан эсэхээс хамааруулан боломжийн үнэтэй эсэхийг тодорхойлсон байна. Флорида, Аризона болон Өмнөд Каролина зэрэг өндөр настан ихээр шилжин суурьшиж буй хотуудын орон сууцны үнийн боломжтой байдал сүүлийн таван жилд ихээхэн буурсан гэж тайланд онцолсон юм.
Орон сууцны боломжтой байдлын хямралын гол хүчин зүйлсийн нэг нь моргейж буюу ипотекийн хүүгийн өсөлт юм. Оксфордын Эдийн засгийн судалгааны ахлах эдийн засагч Барбара Денхам “Бүх хотод байшингийн үнэ өссөн ч моргейжийн хүүгийн өсөлт орон сууцны боломжийг илүү ихээр бууруулж байна. 2019 оны гуравдугаар улиралд моргейжийн хүү 3.7 хувь байсан бол 2023 оны дөрөвдүгээр улиралд 7.3 хувь болж бараг хоёр дахин нэмэгдсэн” гэжээ.
Моргейжийн хүү буюу орон сууцны зээлийн хүү 2022 болон 2023 онд Холбооны Нөөцийн Сангийн хүүгийн өсөлтөөр огцом нэмэгдсэн. Хэдийгээр моргейжийн хүү өнгөрсөн жилийн оргилоосоо бага зэрэг буурсан ч, өнгөрсөн долоо хоногт 30 жилийн моргейжийн зээлийн дундаж хүү 6.79 хувь байсан юм. Энэ нь 2008 оноос 2022 оны хооронд байгаагүй өндөр түвшин.
Эх сурвалж: CNN
URL: