Ким Жон Ун амиа золиослогч дроныг олноор үйлдвэрлэхийг тушаав
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пүрэв гаригт нисгэгчгүй нисэх технологийн цогцолборын харьяа хүрээлэн болон холбогдох компаниудын үйлдвэрлэсэн амиа золиослогч дронуудын туршилтын талаар газар дээр нь зааварчилгаа өгчээ. Тэрбээр амиа золиослогч дроны гүйцэтгэлийн туршилтад хяналт тавьж, бөөнөөр нь үйлдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.
“Өөр өөр цохилтын зайд ашиглах амиа золиослогч дронууд нь газар болон далай дахь дайсны объектууд руу алдалгүй довтлох зорилготой” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
Тэдгээр дроныг туршиж үзэхэд урьдчилан тогтоосон тактикийн янз бүрийн маршрутаар ниссэнийхээ дараа зорилтыг нарийвчлан онож чаджээ. Тиймээс Ким Жон Ун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Дроныг цэргийн хүчин чадлын гол хэрэгсэл болгон ашиглах өрсөлдөөн дэлхий дахинд хурдацтай явагдаж байна. Хойд Солонгос улс төрөл бүрийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж, нэвтрүүлэх бүрэн боломж, чадавхитай. Мөн орчин үеийн байлдааны шаардлагад нийцүүлэн шинэ, ирээдүйтэй тактикийг хослуулан хэрэглэх боломжийг эрэлхийлнэ. Солонгосын Хөдөлмөрийн нам сүүлийн үед нисгэгчгүй цэргийн техник хангамжийн системийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй төгс хослуулах чиглэлд чухал ач холбогдол өгч байна. Аль болох эртхэн үйлдвэрлэлийн системээ бий болгож, бүрэн хэмжээний масс үйлдвэрлэлд шилжих шаардлагатай байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
URL: