Үндэстнийг устгах буюу “Цэвэрлэх ажиллагаа”

israel-airstrike-on-gaza-city-0514212-810x500

Өнгөрсөн долоо хоногт Израилийн Батлан хамгаалах хүчний /IDF/ ахлах офицер Бриг Ген Итзик Коэн олон улсын хамтын нийгэмлэгийн удаан хугацааны турш хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй зүйлийг хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, Израиль Газын хойд хэсэг бүхэл бүтэн үндэстнийг устгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Хамас бүлэглэлийг дарж, энгийн иргэдийг хохироохгүй гэх үгсээр дэлхий нийтийг хуурсан явдал юм.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Израилийн сэтгүүлчидтэй хаалттай хурал хийж, Газын зурвасын хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.

Израилийн цэргүүд аравдугаар сарын эхэн үеэс эхлэн Жабалия, Бейт Ханун, Бейт Лахия хотуудыг бөмбөгдөж, үүнийгээ “Бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлсон юм.

Бриг Ген Итзик Коэн уг ажиллагааг магтан сайшааж, “Оршин суугчдыг гэрт нь хариулах бодолгүй байна. Бид бүрэн цэвэрлэгдсэн орон зайг бий болгох тодорхой тушаал авсан” гэж хэлжээ. Армийн бусад удирдлагууд Бриг Ген Итзик Коэны үгийг үгүйсгэж буй. Учир нь түүний хэлсэн үг, ажиллагааны талаар тайлбарласан бүхэн дайны гэмт хэрэг шиг сонсогдож байсан тул “Бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа” явуулаагүй гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Бриг Ген Итзик Коэны үг бүр үнэн болохыг олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгүүд баталсан. Олон мянган хүн бөмбөгдөлтөөс дүрвэж орон гэрээ орхин, эмнэлэг, дүрвэгсдийн хуаранд толгой хорогдож байгаа ч өмсөх хувцас, идэх хоолгүйгээс шим тэжээлийн дутагдалд орж байна. Хэдэн арван мянган хүүхэд өнчирч, тахир дутуу болж, дайснаас тэднийг хамгаалах зүйлгүй хорвоог орхиж байна.

“Aljazeera” агентлаг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2024.11.07/ мэдээлснээр, 43,469 хүн Газын зурваст нас баржээ.

Амьд үлдэгсдийн хувьд бохир ус ууж, НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагаас илгээх хүнсний тусламжийг нүдээ ширгэтэл хүлээж буй. Израилийн эрх баригчид энгийн иргэдэд очих ёстой тусламжийг ямар ч саадгүйгээр нэвтрүүлж байгаа гэж мэдэгдсэн ч өнгөрсөн сараас хойш нэг ч палестин хүн тусламж авч чадаагүй. Израилийн Батлан хамгаалах яам Газын зурваст явуулж буй ажиллагааны гол зорилго нь Хамасыг бүрэн устгах гэж удаа дараа мэдэгдэж, генералуудад бүгдийг цэвэрлэх/устгах тушаал өгөөгүй гэсэн.

Мөн Хамасын зарим цэргүүдтэй тулалдаж, хохирол амссан гэж мэдээлсэн боловч өөр нэгэн офицер орон нутгийн “Гаарец” сонинд хавсарсан устгах ажиллагаа явуулж байгаа гэдгээ нуусангүй.

Энэ мэтээр Батлан хамгаалах яам үндэстнийг устгах ажиллагааг үгүйсгэж байгаа ч Бриг Ген Итзик Коэн зэрэг хэсэг бүлэг албан тушаалтнууд үүнийг хүлээн зөвшөөрч, баталж буй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдтайгаа муудсанаасаа болж ажлаасаа халагдсан Батлан хамгаалах сайд асан Ёав Галлант үндэстнийг устгах “бүрэн нүүлгэж, цэвэрлэх ажиллагаа”-г хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр сайдын үүргээ хүлээлгэж өгөхөөсөө хэдэн цагийн өмнө Хамаст барьцаалагдсан Израиль иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж байхдаа “Газад одоо юу ч байхгүй, юу ч үлдээгүй” гэсэн байна.

Мөн “Бид зорьсон зорилгодоо хүрч чадсан. Одоо тэнд хийх зүйл үлдээгүй ч зарим хүмүүс бүх зүйлийг дуусгах хүсэлдээ татагдаж, Газад ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Газын хойд хэсгийг израильчууд бүхэлд нь цэвэрлэж, 2005 онд татан буугдсан еврей сууринг эргүүлэн босгохоор төлөвлөж байна. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч Бриг Ген Итзик Коэн, Ёав Галлант болон Суурин, үндэсний төлөөлөгчийн газрын сайд Орит Струк, Галилейн хөгжлийн яамны сайд Ицжак Вассерлауф нарын яриа үүнийг баталж буй. Түүнчлэн, саяхан болсон сонгуулийн ялагч Дональд Трамп олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тийм ч таатай ханддаггүй. Мөн өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Израилийн эрх баригчидтай сайн харилцаатай байсан тул энэ удаа Дональд Ирамп тэдний зорилгыг бүрэн дэмжинэ гэж таамаглаж буй.

Үүний зэрэгцээ, Израилийн хэт барууны үзэлт сангийн сайд Безалел Смотрих ирэх онд Иордан голын баруун эрэгт бүрэн эрх байдлаа тунхаглах хэрэгтэй гэх саналыг дэвшүүлжээ. Дайны сүүдэр дор тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд боломжит бүх хувилбаруудыг парламентад танилцуулах бөгөөд АНУ-ын 47 дох ерөнхийлөгчийг ятгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд олон улсын нийгэмлэг, шүүх, эрх зүйн бүлгүүд Израилийн түрэмгийллийг геноцид хэмээн буруутгаж, зогсоож чадах бүхий л аргаа хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн. Одоо, Дональд Трамп, түүний хэт барууны үзэлт нам засгийн эрхэнд гарсан сүрийг далимдуулж Израиль хүчирхийллээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Хамасыг ялах зорилго үндэстнийг устгаж, газар нутгийг нэгтгэх хэмжээнд хүрсэн тул дэлхийн бүхий л хүчирхэг орнууд хамтран харгислалыг зогсоох арга боловсруулах шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN


URL: