Баруун бүсийн гишүүд бүлэглэсэн “ДЭЭРЭМ ХИЙХ”-ээр шийджээ
-Дархан цаазат газрыг тойруулан авто зам тавьж байж боомт нээнэ гэсэн нөхөд ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл барьчихсан явна-
Улс төр, бизнес бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс Нарансэвстэйн боомтыг нээх нэрээр Талын мэлтэсийн 300 тонн алтанд шунаж байгааг бид цувралаар дурдаж байгаа билээ. Анх Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед Нарансэвстэйн боомтыг нээж, Говь-Алтайг төдийгүй баруун бүсийг хөгжүүлнэ хэмээх гоё ганган лоозон дор Талын мэлтэсийн алтыг ухах төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр намынхаа дарга нараас үүрэг авсан байлдагч юм. О.Амгаланбаатар өнөөдөр ч энэ үүргээ өвөртөлсөөр УИХ-д орж ирснээр хүрээ нь өргөжин тэлж, Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын хэмжээнд хүчээ авах төлөвтэй.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн албан бланк дээрээ Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл боловсруулж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байгааг харахад бүлэглэл хүч авсныг илтгэнэ. Гэтэл тэд Төрийн ордонд Нарансэвстэйн боомтыг ирэх нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл боловсоруулчихсан гарын үсэг цуглуулж байж иргэд олон нийтэд болохоор “Дархан цаазат газрыг тойруулж, автозам тавина. Энэхүү замаа барьж дуусаад боомтоо нээхээр байгаль экологидоо хор хөнөөлгүй. Онгон байгалиа огт хөндөхгүй” гэх мэтээр ярьж явна. Ёстой л “Наашаа харж инээж, цаашаа харан уйлж” байгаа нөхөд. Хамгийн гол нь Нарансэвстэй боомтыг нээх нэрээр алт ухахаар зэхэж байгаа шунал бол хаа ч хэний ч өмнө унтрахгүй юм байна гэдгийг зөвхөн энэ үйлдлээс харж болно.
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийг Нарансэвстэй, Талын мэлтэс, хилийн бүс нутгаар явуулж, нөхцөл байдалтай танилцуулна хэмээсэн. Үнэн хэрэгтээ тархийг нь угаана гэдгээ дуулгаж байгаа хэрэг. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ч удаа дараа сэтгүүлчдийг хилийн бүсэд аваачиж тархийг нь угаасан нөхөр. Харин одоо парламентын хэмжээнд нэлээд хүчтэй хөдлөх гэж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гарын үсэг зурж байгаа бланк дээр одоогийн байдлаар 10 гаруй гишүүн гарын үсгээ зураад байгааг ч эх сурвалж хэлсэн. Хэрэв 18 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг өргөн барих боломж бүрдэнэ. Тогтоолын төсөлд Ховд аймаг, баруун бүсээс сонгогдсон Б.Пүрэвдорж, Э.Болормаа, З.Мэндсайхан, Говь-Алтай аймаг, баруун бүсээс сонгогдсон О.Амгаланбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд гарын үсэг зуржээ. Шуудхан хэлэхэд баруун бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд бүлэглэн “дээрэм хийх”-ээр шийдсэн бололтой. Тэдэнд Говийн их дархан цаазат газрын А бүс нутагт учирч болох бодит эрсдэлийг бүрэн таниулалгүйгээр “А бүсийн хилийн цэсийг огт эвдэхгүй, бүтээн байгуулалт хийнэ” гэх ухуулгыг хийж явна. Одоо ахиад ч хийж байна, бүр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хийхээр зэхснээ О.Амгаланбаатар гишүүн өөрөө ч дуулгана билээ.
Тус дархан цаазат газар нь мазаалай, хавтгайн мэнд үлдсэн цор ганц түшиц нутаг. Дэлхийд байхгүй л онгон дагшин газар гэдгийг судлаачид тэмдэглэн хэлдэг. Мөн энд нэн гандмал бөгөөд дэлхийд цор ганц Алтайн өвөр говийн экосистем онгон дагшин хэвээр хадгалагдаж байгаа юм. Боомтын сэргэлт хариуцсан сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын ярьж байгаагаар дархан цаазат газрыг тойруулан зам тавина хэмээсэн. Автозам тавьсан ч эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байгаа. Учир нь мазаалай, хавтгайн нүүдэллэдэг жимийг зайлшгүй таслах шаардлага үүсэх юм. Мөнхүү говийн эмзэг хөрс ихээр эвдэгдэж, экосистем эвдрэхүйц нөхцөл байдалтай байгааг дуулгасан. Нарансэвстэйн боомтыг 1992 онд нээж, 1993 онд хаасан нь үүнтэй холбоотой. Тухайн үед нэн ховордсон амьтдын идэш тэжээлийн жим тасарч, үргэн дайжсан, эдийн засгийн ач холбогдолгүй нь батлагдан хаасан түүхтэй. Ингэхдээ боомтыг нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд хэдэнтээ ажлын хэсгүүд гаргаж шалгаад нээх боломжгүйг баталсан байдаг.
Гэтэл баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд тогтоолын төсөл үйлдээд бүлэглэн дээрэм хийхдээ тулжээ. Түүнчлэн, ЮНЕСКО-гоос Алтайн өвөр говийг Дэлхийн өвд бүртгэхээр ажиллаж байгаа юм. Хэрэв Нарансэвстэйн боомтыг нээвэл энэ асуудал бүрэн зогсоно гэдгийг бизнес, улс төрийн бүлэглэл мэдэж л байгаа. Үүнээс гадна маш олон хууль тогтоомж зөрчиж байгааг ч дуулгах хэрэгтэй.
Тухайлбал, Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн барьж, 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 21 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2.8-д “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн хэсэг бий. Харин энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, мөн 10 дугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3-т… Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” 70 дугаар зүйлийн 70.1-д Үндсэн Хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзжээ.
Нөгөө талаар олон улсын гэрээ конвенцийг ч зөрчиж байна. Биологийн олон янз байдлын тухай конвенцийн наймдугаар зүйлд “Экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах”, мөн “экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах” гэж заасан заалтыг Монгол Улсын Засгийн газар зөрчиж байна гэж үзсэн.
Хэрвээ улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг хэрэгжиж, Нарансэвстэйн боомтыг нээх тогтоол УИХ-аас гарлаа бол Их говийн дархан цаазат газрыг чөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуульд өөрчлөлт орж, Хамгаалалтын захиргаа ч татан буугдах болов уу. Тэгэхээр Их говийн дархан цаазат газарт байгаа Талын мэлтэс хамгаалалтаас гарна. Талын мэлтэс хамгаалалтаас гарахаар тэнд байгаа 300 тонн алтны үндсэн орд улс төр, бизнес бүлэглэлийн гарт орно гэсэн төлөвлөгөө жам ёсоороо хэрэгжиж л байна. Үнэн хэрэгтээ алтайчууд, баруун бүсийн аймгуудыг хөгжүүлэх гээд байгаадаа ч биш, Талын мэлтэсийн алтанд шунасан улс төр, бизнес бүлэглэлийн эрх ашиг л тэнд явж байгаа. Бид өмнөх дугааруудаараа Нарансэвстэйн боомтыг нээснээр эдийн засаг, геополетикийн хувьд ямар ч ашиггүй гэдгийг ч дурдсан, хятадын талаас ямар ч төлөвлөгөө байхгүй гэдгийг ч дурдсан, эко систем, байгаль экологид өндөр эрсдэлтэйг ч дурдсан билээ.
ЭХ СУРВАЛЖ (ӨГЛӨӨНИЙ СОНИН)
URL: