Банш идэхээр 100 мянгуулаа замд гарч, түгжрэл үүсгэв
Дөрвөн хятад оюутан банш идэхээр шөнөөр унадаг дугуйтай 50 км зам туулсан нь нэгэн шинэ трэндийг эхлүүлжээ. Баасан гаригт 100 мянган хүн энэ трэндэд нэгдсэнээр томоохон авто замуудад түгжрэл үүсгэж, эрх баригчдын анхаарлыг татав. Тэд Жэнжоу дахь оюутны хотхоноос эртний Кайфэн хот хүртэл явсан бөгөөд олонх нь түрээсийн унадаг дугуй унажээ.
Кайфэн хүрэх аялалд оролцсон оюутан Лиу Лулу хэлэхдээ “Хүмүүс хамтдаа дуулж, өгсүүр зам таарахад бие биеэ урамшуулан дэмжиж байлаа. Залуу хүмүүсийн эрч хүчийг мэдэрсэн шүү. Зүгээр нэг дугуй унахаас хавь илүү байсан” гэжээ.
Олон хүн нэг зэрэг очсон учир Кайфэн хот ачааллаа дийлэхээ байж, ресторан, олон нийтийн газрууд нь хүнээр дүүрчээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургийг харвал Женкай өргөн чөлөөний зургаан шугам дугуйчдаар дүүрсэн байв. Цагдаа нар чанга яригчаар оюутнуудад хандан дугуйгаа унаад, эсвэл үнэгүй автобус ашиглаад буцахыг зөвлөж байв.
Мөн дахин ийм үйл явдал давтагдахаас сэргийлж, амралтын өдрүүдээр авто зам болон дугуйн замуудыг түр хаажээ. Цаашилбал, Жэнжоу дахь тогтоосон бүсээс гадуур явбал дугуй түрээсийн апп автоматаар түгжигдэх тохиргоо хийсэн байна. Зарим их дээд сургууль оюутны хотхонд дугуй унахыг хориглох, оюутнуудыг сургуулиас гарахдаа тасалбар авахыг шаардах зэрэг арга хэмжээ авчээ.
Энэ трэнд зургадугаар сард анх эхэлсэн. Тухайн үед Жэнжоугийн дөрвөн оюутан Кайфэнд байдаг алдартай, том, шөлтэй баншийг идэхээр түрээсийн унадаг дугуйгаар замд гарахаар шийдсэн юм. Аяллынхаа тухай цахим сүлжээндээ “Залуу нас бол үнэлж баршгүй зүйл. Кайфэн рүү хийх шөнийн аялалд үүний үнэ цэн оршино” гэсэн хаштагтайгаар нийтэлсэн нь олны анхаарлыг татжээ. Энэ трэнд улам газар авсаар, Кайфэны үзвэр үйлчилгээний газрууд ч янз бүрийн урамшуулал зарлах болсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Кайфэн хотыг зоригсодын тоо 2000 дөхнө гэж таамаглаж байсан. Гэвч дугуйчдын тоо Пүрэв гаригийн орой 17 мянга, улмаар Баасан гаригт бараг 10 дахин үржиж, 100-200 мянга хооронд хэлбэлзжээ.
Олны хөл үймээн ихэссэн тул Кайфэн хотын оршин суугчид гомдол мэдүүлэх болсон байна. Анхандаа бүгд урам зоригтой байсан ч сүүлдээ сүйрлийн хэмжээнд хүрснийг иргэд цахим сүлжээнд бичих болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN
URL: