Эхнэртэйгээ маргалдан бухимдсан хятад эр автомашинаараа 35 хүнийг мөргөн аминд нь хүрчээ
Өчигдөр Хятадын өмнөд бүсийн Жухай хотын стадионд спортоор хичээллэж байсан хүмүүс рүү нэг этгээд автомашинаар дайрсны улмаас 35 хүний амь үрэгдэж, 43 хүн бэртсэн байна.
62 настай Фань гэгч эрэгтэй SUV ангиллын автомашинаараа стадионы хаалгаар дайран орж уг хэргийг үйлдсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Бэртэж гэмтсэн хүмүүсийн дотор өндөр настнууд, өсвөр насны хүүхдүүд олон байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Халдлага үйлдэгч хэргийн газраас зугтахыг завдаад баригджээ. Тэрбээр өөрийнхөө амийг хөнөөхийг завдсаны улмаас ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эрх баригчид энэ талаар мэдээллийг Хятадын сошиал орчинд хориглож, гадаадын сэтгүүлчдийг хэргийн газарт нэвтрүүлэхээс татгалзжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд “бүх хүчин чармайлтаа гаргах”-ыг, гэмт этгээдийг хатуу шийтгэхийг уриалсан байна.
Энэ долоо хоногт Жухай хотод олон улсын агаарын хүчний зэвсэг техникийн томоохон үзэсгэлэн зохион байгуулагдаж буй тул аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлээд байжээ.
Анхан шатны мөрдөн байцаалтын үр дүнгээс харвал Фань гэр бүл салалтын гэрээ хэлэлцээртээ сэтгэл дундуур байснаас ийм хэрэг үйлдсэн бололтой.
Хятадад спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдийг олон нийтийн спортын дасгал сургуулилалтад өргөн ашигладаг.
Хэрэг гарах үеэр тухайн стадионд зургаан бүлэг хүмүүс спортын дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байсныг нэг гэрч мэдээлсэн байна.
Сүүлийн саруудад Хятад улсад олон нийтийн дунд аллага хүчирхийлэл гарах явдал тасрахгүй байгаа.
Аравдугаар сард Бээжингийн нэгэн тэргүүлэх сургуулийн байранд хутгаар зэвсэглэсэн этгээд халдахдаа таван хүнийг шархдуулсан юм.
Есдүгээр сард Шанхайн супермаркетад бас нэг этгээд хүмүүс рүү довтлох үеэр гурван хүн хутгалуулан алагдаж, хэд хэдэн хүн шархдаж байлаа.
Есдүгээр сард бас өмнөд Хятадын нэг хотод 10 настай япон сурагч сургуулийнхаа гадна хутгалуулж алагдсан юм.
Өчигдрийн халдлагын дараа Хятад дахь Японы элчин сайдын яам өөрийн иргэдэд олон нийтийн дунд япон хэлээр чанга ярихаас зайлсхийхийг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
URL: