Австрали улс 16-аас доош насныханд олон нийтийн сүлжээг хориглохоор төлөвлөж байна
Австралийн засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хориглох хууль санаачилжээ.
Тус улсын ерөнхий сайд Энтони Албанес хэлэхдээ, “ирэх долоо хоногт парламентад өргөн мэдүүлэх хуулийн төсөл нь Австралийн хүүхдүүдийг цахим хэрэглээний хор хөнөөлөөс сэргийлэх зорилготой юм хэмээн тайлбарласан байна.
Түүнчлэн, “Энэ бол ээж, аавуудад зориулагдсан. Тэд над шиг хүүхдүүдийнхээ цахим орчны аюулгүй байдалд санаа зовж байгаа. Би Австралийн гэр бүлүүдийг засгийн газар та бүхний ар талд байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Харин эцэг эхээсээ зөвшөөрөл авсан хүүхдүүдийг уг хязгаарлалтаас чөлөөлж болох аж.
Хууль батлагдсан тохиолдолд 12 сарын дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд хууль батлагдсаны дараа хянан хэлэлцэж байхаар төлөвлөжээ.
Зарим шинжээчид сошиал медиа платформууд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байгаа ч тэдний цахим хэрэглээг бүхэлд нь хаахын оронд зөв зохистой хэрэглээнд сургах ёстой хэмээн үзэж байгаа аж.
Энэ төрлийн хориг арга хэмжээг өмнө нь Европын холбооны орнуудын дунд хэрэгжүүлэх тохиолдлууд гарч байсан ч үр дүнд хүрч байгаагүй юм. Тиймээс насны хязгаарлалтыг хэрхэн зөв тогтоох, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх техникийн шийдэл нь асуулт хэвээр байгаа юм.
Австралийн хүүхдийн эрхийг хамгаалах томоохон бүлгүүдийн нэг уг хоригийг “хэтэрхий бүдүүлэг арга” гэж шүүмжилжээ. Тухайлбал, 100 гаруй эрдэмтэн судлаач, 20 иргэний нийгмийн байгууллага нэгдэн гарын үсэг цуглуулж 10-р сард засгийн газарт илгээсэн аж.
Эх сурвалж: BBC
URL: