Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг К.Харрис дэмжигчдэдээ уриалжээ
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг дэмжигчдэдээ хандан уриалаад, Дональд Трампад эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэдгийг мэдэгджээ.
“Миний бие энэ сонгуульд ялагдсан ч энэ кампанит ажлыг өрнүүлэхэд хүргэсэн тэмцэлд би бууж өгөхгүй. Эрх чөлөө, боломж, шударга ёс, нэр хүнд, манай үндэстний зүрх сэтгэл дэх үзэл санаа, Америкийн сайн сайхны төлөөх үзэл санааны төлөөх тэмцэлд би хэзээ ч бууж өгөхгүй” гэж тэрбээр Вашингтон хот дахь Ховардын их сургуульд үг хэлэх үеэрээ цохон тэмдэглэжээ. 2020 оны сонгуульд ялагдаж, сонгуулийн дүнг хүчингүй болгохыг оролдож, эрүүгийн хэрэгт татагдаж байсан Д.Трампын хувьд төрийн тэргүүний албыг хоёр дахь удаагаа хаших гэж байна. Тэрбээр мэдэгдэхдээ, улс орноо “эмчилж”, хилийн асуудлыг шийдвэрлэж, хүчирхэг эдийн засгийг цогцлооно гэж амлажээ. Мөн Бүгд найрамдах намынхан Сенатын танхимд олонх болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Харин Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн дүн хараахан гарч дуусаагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: