Манай улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол өсөж байгаа. Эрчим хүчний дутагдалд орсон ч сүүлийн 30 гаруй жил шинээр эх үүсвэр бариагүй.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын ашиглалтын хугацаа хэтэрч, тэг зогсолт хийхдээ тулаад байгаа аж. Тийм ч учраас Засгийн газраас цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулахаар тооцоо, судалгаа хийж буй.
56 жилийн өмнө Дулааны Цахилгаан станц гурав ашиглалтад орж, нийслэл хотын албан байгуулга, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлж байжээ. Өдгөө ТЭЦ III Улаанбаатар хотын дулааны хангамжийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг, 1000 орчим ажилтантай. ТЭЦ III өнөөдөр дулааны эрчим хүчийг 24,683.20 төгрөгөөр үйлдвэрлэж, 7,215.50 төгрөгөөр зарж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм.
“ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж: Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглууруудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан. Энэ маш их эрсдэл үүсгэдэг. Бид зуух 60 хоног, турбин 45 хоног болоод урсгал засвар хийх ёстой байдаг. энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. Энэ өвлийн хувьд байдал дахин давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна.
220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 98 хувьтай явж байна. Гэхдээ энэ нь өмнөх онуудтай төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулахад өндөр хувь мэт боловч хийх ажил нь багассан. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөгүйгээс болоод зарим ажлууд хасагдсан.
Тус цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэдэг машиныг улсын байцаагч зогсоожээ. Машины бүтэц задарсан, цаашид ажиллах боломжгүй учраас зогсоохоос ч өөр аргагүй. Тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирснаас болж хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүйд хүрээд байгаа аж. Нэг зууханд бүтэн засвар хийхэд 10-15 тэрбум орчим төгрөг болох ч жилд 3 тэрбум төгрөгийн засвар хийдэг. Дулааны станц дотор байрлах шугамууд хэзээ ч задарч мэдэх нөхцөл байдал хүрсэн. ТЭЦ III-ын нөхцөл байдал хүндэрсэн, цаашдаа ч улам хүндэрнэ гэдгийг ийнхүү ажилчид нь хэлж байна. ТЭЦ III техник тоног төхөөрөмжийн насжилтаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон ч одоогоор төвийн шугамд холбогдоогүй байгаа юм.
Жилээс жилд эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлдэг. Өнгөрсөн онд 240 тэрбумын алдагдалтай ажилласан бол энэ онд 270 тэрбумын алдагдалтай ажиллах тооцоолол гарсан.
ТЭЦ III гэхэд өнөөдрийн байдлаар 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
https://itoim.mn/a/2024/10/29/society/jiy?fa947cd9d03645a9123eec08b9a422bf