Дүн өвлийн хүйтнээр Зайсангийн гүүрийг нураана гэв үү

dunuvulБүтээн байгуулалтын улирал дуусаж, цас орон, газар хөлдөх гэж байхад Улаанбаатарт замын ажил ид үргэлжилж байна. Хаваржин сонгуулийн сурталчилгаа хийж, зунжин амарсан дарга нар одоо л нэг ухаан оров уу гэлтэй, энд тэндгүй зам хааж, иргэдийг чирэгдүүлж, тэртэй, тэргүй тартагтаа тулчихсан замын түгжрэлээ улам ихэсгэж, зарим үед тэг зогсолт үүсгэх болсон. Тэгвэл дарга нарын хачирхалтай үйлдлүүд нь улам даамжирч, дүн өвлийн хүйтнээр Зайсангийн гүүрийг нураахаар төлөвлөжээ. Тодруулбал, Зайсангийн хуучин гүүрийг ирэх сард хааж, арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны нэгдүгээр сарын 15-ны хооронд нураах гэнэ. Харин шинээр барих ажлыг нь ирэх жилийн гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж, долоодугаар сарын 10-нд дуусгана гэж “зөгнөсөн”-өө нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн байна.

Харин иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь өвлийн хүйтэнд, ялангуяа цас орсноос болж халтиргаа гулгаа ихсэж, тэр хэрээр түгжрэл нэмэгддэг үед уг гүүрийг хаах нь улаанбаатарчуудад “Гэрээсээ бүү гар” гэж хэлэхтэй адил юм. Тэгээд ч гүүрийг өвөл буулгалаа ч нэн даруй шинээр барьж чадахгүй учраас дулаарч, түгжрэл буурдаг үе хүртэл түр азнахыг шаардаж буй. Гэтэл нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрний ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно. Ажил эхлэхэд бэлэн болсон” гэж мэдээлжээ.

Нийслэлийн замыг засаж байна гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш л иргэдэд хүндрэл учрууллаа. Үнэндээ бол тийм ч чанартай зам тавьчихсан хэрэг ч биш. Ус зайлуулах шугам сүлжээг нь шийдээгүй, дорвитой ч засаагүй, таван см хүрэхтэй, үгүйтэй асфальтыг л энд тэндгүй дэвсэж байна. Өөрөөр хэлбэл, тун удахгүй тараа таниулж, өвлийн хүйтэнд давс цацахад л хамт хууларчхаар зам хийгээд буйг гэж олон нийт шүүмжлэх болсон. Гэтэл одоо Зайсангийн гүүрээр “тоглож”, буулгаж хаячхаад, өчнөөн олон сараар гацааж, нийслэлчүүдийг чирэгдүүлэх нь гэж иргэд эсэргүүцээд буйг дарга нар ойлгохгүй байгаа бололтой. Хотын удирдлагын цагаа олоогүй уг шийдэл нийслэлчүүд, ялангуяа хотын өмнөд хэсэгт оршин суудаг иргэдийн амьдралыг улам хүндрүүлэх нь ойлгомжтой.

М.ОЧ

https://www.unuudur.mn/a/271820


URL: