ТикТок-ийг үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян хүн болжээ

324403-30102024-1730249409-1192134359-tiktokf1ТикТок платформын толгой компани болох ByteDance-ын үүсгэн байгуулагч Жан Имин Хятадын хамгийн баян хүн болжээ.

Хүмүүсийг хөрөнгөөр нь жагсаадаг Hurun судалгааны байгууллагаас гаргасан энэ оны жагсаалтаар түүний хөрөнгө 49.3 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

41 настай тэрбээр 2021 онд компанийнхаа удирдах албан тушаалаас огцорсон ч компанийн 20 орчим хувийг эзэмшдэг.

ТикТок нь 2016 онд зах зээлд нэвтэрснээсээ хойш олон улсын хэрэглэгчдийн дунд эрчийг авч, хамгийн алдартай сошиал платформуудын нэг болсон богино бичлэгийн платформ юм.

Гэхдээ ТикТок нь Хятадын Засгийн газартай холбоотой ажиллаж, хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулдаг гэх маргаан байдаг.

Үүнтэй холбогдуулан ByteDance-ыг уг платформын эрхээ өөр компанид зарахгүй бол орон даяар хориглох тухай хуулийн төсөл АНУ-д дэмжигдсэн.

АНУ-аас уг платформыг хориглох тухай дарамт шахалт ирсэн ч өнгөрсөн онд ByteDance-ын ашиг 60 хувиар өссөн нь Жан Иминийг Хятадын энэ оны хамгийн баян хүнээр нэрлэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: ВВС


URL: