Айлын хаяа хатавч бараадсан ХҮН НАМ өөр ч яах билээ

635Гишүүд дэмжигчдээ алдаж, дампуурахдаа тулсан ХҮН намын улс төрийн зөвлөл хуралдаж, Францын “Орана” компанитай хийх уран олборлох төслийг дэмжиж байгаагаа мэдэгдэн, яаравчлууллаа. Уг нь дампуурлаа зарлахдаа тулаагүй бол их л том санаа. За энэ ч яах вэ. Хөнжилд нь байгаа ах намаа л дэмжиж байгаа санаа нь энэ болов уу. Айлын хаяа хатавч бараадсан ХҮН-д үүнээс өөр арга байхгүй л дээ. Ингэхэд ХҮН нам дотор ихээхэн үймээн дэгдэх төлөвтэй байгааг эх сурвалжийн мэдээллийг хүргэе.

Тухайлбал, МАН-ын халааснаас цухалзаж байсан ХҮН нам одоо бүр цухуйж харагдахаа ч больсон нь ах намын халаасанд бус бүр хөнжилд нь шургаад алга болсон. Олон сайхан залуусын итгэл үнэмшил дээр тоглож, парламентад найман суудал авсан тус намын дарга Т.Доржханд, сайд П.Наранбаяр нар Засгийн газарт хамтарснаар ХҮН намын ирээдүй нь туйлын бүрхэг болж, дампуурахдаа тулсан. Ирээдүй нь бүрхэг байгааг ч саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгууль батлаад өглөө. НИТХ-д байсан хоёр, гурван суудлаа ч алдаж, цааш явах замгүй болж байгаагаа нэгэнт зарлачихлаа. Дээрх залуусын хүчээр 2020 онд өндөр авсан намынх нь дарга яг л МАН-ын бохь, тамхи ширхэглэдэг ТҮЦ шиг ажиллаад эхлэхээр намын үзэл баримтлал ч алга болно, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил ч уруудна биз дээ. Одоо, 2024 онд бол Т.Доржханд, П.Наранбаяр хоёр МАН-ын сүлжээнд нэгдэж, ТҮЦ бус Их дэлгүүр ажиллуулж эхэлсэн учраас ХҮН намыг гаргуунд нь гаргахаас өөр сонголт байхгүй л дээ. Аливаа зүйлд золиос хэрэгтэй биз дээ.

Уг нь гишүүд дэмжигчид, намынх нь аппаратад ажиллаж байсан залуус “Намынхаа үзэл баримтлалд хатуу зогсож, болохгүй байгаа төр засгийн дүлийрсэн чихийг онгойлгоод өгөөрэй. Найман суудалтай учраас сайн сөрөг хүчин байгаарай” хэмээн дэмжсэн ч Т.Доржханд, П.Наранбаяр нар өөрсдөө гүйж очоод ах намын хөнжилд шургачихлаа. 

Одоо энэ нам цааш явах боломжгүй болж байна. ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд зөвхөн өнөөдөр ч бус өнгөрөгч дөрвөн жил ХҮН намыг парламентад төлөөлөхдөө МАН-ын дохио зангаан дор ажиллаж, тэдний хамаарал бүхий компаниас санхүүжиж ирсэн гэдгийг ч эх сурвалж бататган хэлдэг. Тодотгож хэлбэл, МАН-ын Шадар туслах мэт ажиллаж ирсэн нь үнэн. Гэтэл Шадар сайдын суудлаас хувийнхаа бизнесийг дэмжиж суугаа Т.Доржханд, стратегийн гол салбарын сайдын суудлаас хувийнхаа сургуулийн менежментийг зохицуулж суугаа П.Наранбаяр нар сонгуульд ялагдсан буруугаа хаа байсан тогтолцоо, “Хар машин”-руу чихчихээд сууж байгаа нь ёс зүйн хувьд ч байж боломгүй зүйл. Эрхэм хоёр нөхрийн хувьд бол хувийн амьдрал бизнесээ ч татвар төлөгчдийн мөнгөөр зузаатгаад авсан, Их дэлгүүртэй ч болсон, одоо бүр сүлжээ дэлгүүртэй болохыг хүсэж байгаа.

Мөн Т.Доржхандын эзэмшдэг “Монре Даатгал”-ын 88 хувь, “Монреимпекс”-ийн 30 хувь, “Зээл Эм Эн”-ийн 60 хувь ахиухан нэмэгдэж, П.Наранбаярын “Шинэ Монгол” сургуулийн эрх зүйн орчин бүрдэж, санхүү арвижихаар нэг муу нам хэнд хамаатай юм. Тиймээс МАН-ын хөнжилд дулаахан хөлөө жийж, дөрвөн жил болчих тухай л бодож байгаа болохоос бус олон залуусын итгэл үнэмшил, гишүүд дэмжигчдийн үзэл бодол ёстой ч нэг хамаагүй. Уг нь ёс зүй талаасаа гишүүд дэмжигчид, намынхаа үзэл баримтлалыг дэвсэлчихсэн хоёр нөхөр Орон нутгийн сонгуульд ялагдсан хариуцлагаа үүрэх ёстойг ч дүрмээр заасан байж таарна. Одоо ХҮН намд итгэл үнэмшлээ өгч дэмжсэн гишүүд дэмжигчид, тэндээс нэр дэвшсэн залуус одоо л тэдэнтэй тэмцэж, намынхаа ирээдүйг аврахгүй бол, намаа тэднээс салгаж авахгүй бол Т.Доржханд, П.Наранбаяр нар гурван жилийн дараа ХҮН намыг МАН-ын хөнжилд “булшилчихаад” явчихна гэдгийг анхаарах цаг нь болжээ.

С.БАЯР (ӨГЛӨӨНИЙ СОНИН)


URL: