Өсөхийн өлөнгөө төрд гаргасан Э.Одбаяраар төсвийн мөнгөө төлүүлээд огцруулъя, Ерөнхий сайд аа
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр төрийн мөнгөөр зугаалаад ирсэн тухай баримт олон нийтэд ил боллоо.
Тэрбээр, 2024.10.01-09 хооронд Вьетнам Улсын Фукуок арал дээр зугаалаад иржээ. Ингэхдээ төрийн байгууллагатай танилцаж, туршлага судалсан гэх тайлбартайгаар төсвийн мөнгөнөөс 55,126,000 төгрөгийг тийзэнд зарцуулсан байна.
Фукуок бол тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Э.Одбаяр тэнд төрийн албаныхныг амарч байгааг шалгах гэж яваагүй л юм бол ажил хийх гэж очоогүй нь лавтай. Ямар ч тэнэг хүн ойлгоно.
Э.Одбаяр сайд аялж зугаалахаас гадна төсвийн мөнгөөр өрөөгөө тохижуулах гэж тансагласан худалдан авалтууд хийжээ. 6,9 саяар тавилга эд хогшил, 13,8 саяар хөшиг, 16,5 саяар багаж техникийн зардал, 5 саяар буцалтгүй тусламж, 16,8 саяар “Хүртээмжтэй манлайлал” туршлага судлах арга хэмжээ, 40 гаруй саяыг урсгал засвар зэрэгт зарцуулсан аж.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа байгуулахдаа Хяналт, үнэлгээний үндэсний хороо гээчийг бий болгож, Э.Одбаярт сайдын суудлыг шууд бэлэглэсэн. Гэвч өнөөх нь сайд болоод ердөө гуравхан сарын нүүр үзэж байгаа ч өсөхийн өлөнгөө төрд эрт харуулав. Бусад улсад энэ бол хангалттай огцрох шалтгаан мөн.
Хариуцлага тооцох зарчим баримтлан, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллахаа мэдэгдсэнээ мартаагүй л бол төсвийн мөнгийг эргүүлэн төлүүлж, Э.Одбаярыг огцруул, Ерөнхий сайд аа.
У.УЯН
https://eguur.mn/540400/
URL: